СЭЛЭНГЭ: Татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-07 15:41:25

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/.  Татвар төлөгчдийн өдрийг Сэлэнгэ аймагт 25 дахь жилдээ зохион байгуулж байна.

 

Энэ жилийн хувьд Монгол Улсын эдийн засаг бизнесийн орчныг дэмжих бодлогын хүрээнд төрөөс үзүүлж буй татварын үйлчилгээг энгийн хялбар болгох замаар татварын орлогыг бүрдүүлж байгаа татвар төлөгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах. Тэдний татварын боловсрол, татвар төлөгчийн хууль тогтоомжийн мөрдөлтийг сайжруулах, татвар төлөгчийг эрсдэлээс хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах зэрэг үйл ажиллагааны хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

Сэлэнгэ аймгийн Татварын газраас энэ өдрүүдэд шилдэг татвар төлөгчдөө шалгаруулан алдаршуулах, татварын боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулахаас гадна ЕБС-ийн сурагчдын дунд “Татвар хөгжлийн үндэс” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулжээ.

 

Тус газрын хамт олон 2023 онд улс, орон нутгийн төсөвт 73.6 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэн, татварын орлогын төлөвлөгөөг 126.1 хувиар биелүүлжээ.

 

Он гарсаар эхний 4 сарын байдлаар төсвийн орлогыг төлөвлөгөөг 122.3 хувиар давуулан биелүүлэн ажиллаж байна хэмээн аймгийн Татварын газрын дарга Ц.Лхагвадорж ярилаа.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 4800 татвар төлөгч аж ахуйн нэгж байдаг.

 

Ингээд шилдэг татвар төлөгч зарим ААН-ийн төлөөлөлтэй уулзлаа.

 

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаагаа явуулж буй “Ачит Оргил” ХХК-ийн менежер Н.Дэлгэрцэцэг:


-Манай компани газар тариалангийн чиглэлээр 24 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн онд улсын ургацын аварга хамт олон болсон. Манайх 2 дахь удаагаа шилдэг татвар төлөгч болж байгаадаа баяртай байна.  

 

“Сэлэнгэ Ундрам” ХХК-ийн захирал Ч.Дэмбэрэлсайхан:

-Манай компани барилга, барилгын материал үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, барилга угсралт, уст цаг, усан хангамж байгуулах, хөвд цөөрөм байгуулах, гудамжны гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, замын бетон хийх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Одоо цаашдаа эмульс үйлдвэрлэх зорилготой. Манай компани өндөр татвар улсдаа төлдөг. Орон нутагтаа бүтээн байгуулалтыг хийж, хөрөнгө оруулалтыг орон нутагтаа үлдээх зорилготой ажилладаг.

 

“Бороогоулд” ХХК-ийн “Баянгол” уурхайн дарга Ж.Мөнхбаатар:

-Манай компани шилдэг топ татвар төлөгчөөр сүүлийн 5-6 жилд шалгарч байна. Хариуцлагатай уул уурхай гэдэг утгаар 11 төрлийн татвар төлдөг.

 

Related news