АРХАНГАЙ: Хүннүгийн үед хамаарах хүрэл, төмөр тогоо аймгийн музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-05-24 12:54:56

Эрдэнэбулган, 2024 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн музей Монголын болон орон нутгийн эрт, эдүгээ үеийн түүх, соёлын өвийг хадгалж хамгаалах, судлан сурталчлах, нийтийн боловсролыг дэмжих төрийн үйлчилгээний соёлын байгууллага юм.

 

Музей 17 дугаар зууны үед барьсан халхын Зая бандида хутагтын Лаврин ордонд үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой. Сан хөмрөгтөө түүх, угсаатан, шашин соёл, урлаг уран сайхны төрөл зүйлийн 4000 орчим цуглуулгатай. 


Аймгийн музей нь “Төв Монголын байгаль, түүхийн цогцолбор музей” болж шинэчлэгдэх бөгөөд үүнтэй холбоотойгоор Архангай аймгийн нутаг дэвсгэрээс илрүүлж буй археологийн олдворуудаас үзмэр цуглуулгаа баяжуулдаг .

 

Түүхийн танхимд Архангай аймгийн Хайрхан сумаас олдсон хуучин чулуун зэвсгийн үед хамаарах багаж, зэвсэг болон хүрэл зэвсгийн үед холбогдох хүрлээр хийсэн мал аж ахуйн тоног хэрэглэл, амьтны дүрст гоёл чимэглэл, хүрэл хутга, сумны зэв зэргийг дэглэн үзүүлжээ. Мөн Өгийнуур сумын Тамирын улаан хошууны Хүннүгийн үеийн хүрэл тогоо, ваар Түрэгийн түрүү үед холбогдох Бугатын гэрэлт хөшөө, Уйгурын үеийн торгон хувцасны олдвор зэрэг хосгүй үнэт, үнэт үзмэрүүдийг дэлгэжээ. 


Үзмэрийн дээжээс хүрэл тогоог онцолж байна. Хүннүгийн үеийн НТӨ III-I зуунд хамаарах 37.5 см өндөртэй хүрэл, төмөр тогоо. Архангай, Өгийнуур, Тамирын улаан хошууны 97 дугаар булшаас гарсан. Ширмэн суурьтай хүрэл тогоо. Хүннүчүүд шавраар сав суулга хийхийн зэрэгцээ төмөр боловсруулж, хүрлээр тогоог чадварлаг хийдэг байжээ. Тансаг хэрэглээнд тооцогдох хүрэл тогоог өөд бологчдод зориулж булшинд тавих заншилтай байв. Тус тогоо нь цөгцөн суурьтай, задгай амсартай, амсрын дээд ирмэгээс дээш илүү гарсан хоёр сэнжтэй, мөрөөрөө хос шулуун хээтэй, түүний доогуур дөрвөн дэлбээ хээгээр чимэглэжээ. Энэхүү тогоо нь хүрэл, төмөр гэдэг хоёр өөр төрлийн металлыг хооронд нь гагнаж хийснээрээ онцлог юм.

Related news