“Барселона”-г Ханс Флик дасгалжуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МАДРИД, 2024 оны тавдугаар
сарын 30 /The Guardian/. “Бавари
Мюнхен” болон Германы шигшээ
багийн дасгалжуулагч асан Ханс Фликийг лхагва гарагт Хави Эрнандесийн оронд “Барселона” клубийн ахлах дасгалжуулагчаар томиллоо.
Өдгөө 59
настай Х.Флик 2026 оны зургаадугаар сар хүртэл хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед “Барселона”-гийн
ерөнхийлөгч Жоан Лапортагийн бүрэн эрхийн хугацаа мөн дуусах юм.
Өнгөрсөн долоо хоногт “Барселона”-гийн спортын захирал Деко Х.Фликтэй ярилцахаар Лондон руу нисэж, улмаар мягмар гарагт Ж.Лапорта түүнтэй хамт Барселонд
оройн зоог барьж буй гэрэл зураг цацагдсаны дараа түүнийг ахлах
дасгалжуулагчаар зарлана гэх мэдээлэл гараад байлаа.
2022 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатнаас шалгарч чадаагүй Германы шигшээ багт тааруу
амжилт үзүүлснийхээ дараа тэрбээр “Барселона”-д ирж байгаа боловч өмнө нь “Бавари Мюнхен”-ийг Аваргуудын лиг,
Европын Супер цом, клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхэд нь дасгалжуулж байсан билээ. Х.Флик мөн
Германы шигшээ багт Йоахим Лоугийн туслахаар зургаан жил ажиллажээ.