Тайсон, Пол нарын тулаан хойшлогдлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 1 /TASS/. Мэргэжлийн боксын дэлхийн үнэмлэхүй аварга асан, Америкийн боксчин Майк Тайсон, түүний нутаг нэгт тамирчин, блогчин Жэйк Пол нарын тулаан хойшлогдлоо. Энэ тухай тулааныг зохион байгуулагч “Most Value Promotions” компанийн хэвлэлийн алба мэдээлэв.
Тулаан долоодугаар сарын 20-нд Вашингтонд болох ёстой байсан юм. “Харамсалтай нь, Пол, Тайсон нарын хүсэн хүлээсэн тулаан хойшлогдохоор боллоо. Эмч нартай зөвлөлдсөний дараа Тайсоныг хэдэн долоо хоногийн турш биеийн ачааллыг ихдүүлэхгүй байхыг зөвлөсөн, үүний дараа тэрбээр бэлтгэлдээ эргэн орох боломжтой болно" гэж компанийн мэдэгдэлд дурджээ. Тулааны шинэ товыг зургаадугаар сарын 7-нд зарлах аж.
Тавдугаар сарын 28-нд Майамигаас Лос-Анжелес руу онгоцоор нисэж байх үеэр М.Тайсоны биеийн байдал гэнэт муудаж, тэрбээр нислэгийн үеэр яаралтэй тусламж асван гэж хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн юм. Маргааш нь буюу тавдугаар сарын 29-нд М.Тайсоны төлөөлөгч тамирчны биеийн байдал сайн байгаа гэж мэдэгджээ.
Өдгөө 57 настай М.Тайсон мэргэжлийн боксын рингэнд 50 удаа ялж /44-т нь хүнд цохилтоор/, зургаан удаа ялагдаж байжээ. Тэрбээр мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга болж байсан бөгөөд Дэлхийн боксын зөвлөл, Дэлхийн боксын холбоо, Олон улсын боксын холбооны аваргын бүсийг эзэмшиж байсан юм.
26 настай Ж.Полын хувьд есөн удаа ялж (зургааг нь хүнд цохилтоор), нэг ялагджээ. 2020 оны нэгдүгээр сараас мэргэжлийн боксын рингэнд гарч байгаа тэрбээр блогчин, жүжигчин гэдгээрээ алдартай.