ЕВРО-2024: Испани Хорватыг хожиж, Албанийн тоглогч хамгийн хурдан гоолыг орууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-16 09:33:51

БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 16 /BBC/. Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны гурван тоглолт бямба гарагт боллоо. 


Энэ өдөр Унгар Швейцарт хожигдож, Испани Хорватыг бут ниргэсэн бол Албанийн тоглогч Италийн эсрэг тоглолтын үеэр Европын аварга шалгаруулах тэмцээний (ЕАШТ) түүхэн дэх хамгийн хурдан гоолыг оруулжээ. 


Албанийн шигшээ багийн хагас хамгаалагч Недим Байрами (Италийн Сассуоло багийн тоглогч) хамгаалагч Федерико Димаркогийн алдааг ашиглан, тоглолтын 22 дахь секундэд гоолдож, шинэ дээд амжилт тогтоосон байна. ЕАШТ-ий хамгийн хурдан гоолыг 20 жилийн өмнө Грекийн шигшээ багийн эсрэг тоглолтод Оросын довтлогч Дмитрий Кириченко 67 дахь секундэд хийж байсан юм. Грекчүүд тэгэхэд "Евро-2004" тэмцээнд түрүүлсэн билээ.


Аварга цолоо хамгаалахаар зорьж буй Италийн шигшээ баг хурдан сэргэж, 11 дэх минутад Алессандро Бастони, 16 дахь минутад Николо Барелла гоолдож тооны харьцааг 2:1 болгосноор италичууд хожжээ.


Унгарын хөлбөмбөгчид Швейцарын шигшээд 1:3-ээр хожигдлоо. Эдгээр багийн тоглолт бямба гаргийн эхний тоглолт байлаа. Хорватын баг Испанийн шигшээд 3:0-ээр хожигджээ. Испанийн багаас  Альваро Мората, Фабиан Руис, Дани Карвахаль нар бөмбөг оруулсан байна. 


Испани, Германы шигшээ багууд ЕАШТ-д түрүүлсэн тоогоор дээд амжилтыг эзэмшдэг. Испаничууд 1964, 2008, 2012 онуудад, Германы шигшээ 1972, 1980, 1996 онуудад гурван удаа аварга болсон юм. 

Related news