Э.Равдан: Надад "Чингис хаан" түүх, газар зүйн атлас хийх мөрөөдөл бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-20 10:54:12

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хүн мөрөөдөж явах ёстой. Би “Чингис хаан” түүх, газар зүйн атлас хийх мөрөөдөлтэй. Мөрөөдлийнхөө “шав”-ыг тавьж, атлас гаргахын төлөө үлдсэн амьдралаа зориулж, зүтгэнэ гэдгээ Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор Э.Равдан номын нээлтийнхээ үеэр хамтрагч нөхөд, шавь нар, уншигчдынхаа өмнө бахархалтайгаар онцоллоо.


Тэрбээр, “Их Монгол гүрний түүхийн гадаад эх сурвалжийн чуулган” хэмээх номыг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС-ийн ШУ-ны сургуулийн Хүмүүнлэг, Нийгмийн ухааны салбар хамтран бүтээхдээ орос хэлнээс орчуулж эмхэтгэжээ. Энэ ном агуулгын хувьд зохиолчийн "Дэлхийд тархсан Монгол газар нутгийн нэр", "Их Монгол гүрний хот, балгадын товчоон", "Монголын нууц товчоон дахь газар нутгийн нэр судлал", "Их Монгол гүрний түүх-газар зүйн нэвтэрхий толь" бүтээлийн үргэлжлэл бөгөөд “Чингис хаан” түүх, газар зүйн атлас хийх зорилгынх нь үндэс болж байгаа юм.


“Их Монгол гүрний түүхийн гадаад эх сурвалжийн чуулган” номонд Их Монгол Улсын түүхийн нэгхэн үеийг их, бага хэмжээгээр илэрхийлэхийг зорьж, араб, сири, перс, хятад, армян, гүрж, франц, итали, польш, мажаар хэл аялгуунд XIII-XIV зууны үед их хаан, түүний алтан ургийнхны аян дайнд оролцож, их гүрний албанд алба хааж байсан хаад, ноёд, судлаачид, жуулчид зэрэг 65 эх сурвалжаас Монголын түүхтэй холбоотой чухал хэсгийг түүвэрлэн сонгож оруулжээ.


Доктор Э.Равдан цааш нь тэмдэглэхдээ, “Энэ ном ганц миний бүтээл бус олон эрдэмтэн, түүхч, судлаач, орчуулагчийн хүч хөдөлмөр шингэсэн редакцын ажил юм. Сүүлийн 20 жилийн минь хөдөлмөр. Угтаа бол Монгол Улсын дипломатуудын түүх юм. Энэ ном гадаад улс орнуудад Их Монгол гүрнийн түүхийн эх сурвалж бичгүүдийг гуйвуулан хэвлэж буй ном зохиолд өгөх зүй ёсны хариулт гэж найдаж байна. Бид 800 гаруй жилийн өмнө үйлдсэн сурвалжуудад хүндэтгэлтэй хандаж, эхийг аль болох хадгалахыг хичээсэн. Бичгийн сурвалжууд нь уран зохиол биш учир тэдгээрийг баримт бичигтэй дүйлгэн үзвэл илүү зохистой санагддаг. Аль болох утгачлахгүй, үгчилж буулгахыг хичээсэн. Түүхэн сурвалж бичиг хөрвүүлэх нь захын орчуулагчийн хийх ажил биш, амаргүй “хатуу самар”. Үүний дотор хятад хэлний эх сурвалж дахь хүний нэр, мөн оросоор буулгасан газар нутаг, бусад оноосон нэрийг галиглах нь маш төвөгтэй, хүнд, хэцүү байлаа. Сурвалж бичгийг үйлдсэн олон үндэстэн бичээч, түүхч, жуулчин, бусад хүн Чингис хаан, түүний алтан ургийнхан, хаад, ноёд, жанждын нэрийг эх хэлнийхээ авиа зүйн бүтцээр, бусдаас сонссоноороо галигласан нь бидэнд хүнд ойлгомжгүй байсан ч тэдгээрийг боломжтой бүх тохиолдолд болгоомжлон монголоороо буулгав. Мөнх хааны нэрийг гэхэд арав гаруй янзаар бичсэн байх жишээний" хэмээн ярьсан юм. 


Монголын гадаад хэл судлаачид бусад орны түүхийн эх сурвалж дахь Монголын түүхийн талаарх материалыг түүвэрлэн оруулж, ийнхүү ном бүтээсэн нь манай түүх соёлын гол бүтээлийн нэг болж байгааг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухааны доктор Ц.Цэрэндорж номын нээлтийн үеэр тодотголоо. 


Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор Э.Равдан “Их Монгол гүрний түүх газар зүйн нэвтэрхий толь” номыг 2021 онд хэвлүүлж, 230 орчим түүхт газрын нэрээс 158 нэр бүхий биетийг сонгон, тэдгээр нэрийн гарал үүдлийг шинэчлэн оруулж, мөн 2020 онд гаргасан “Монголын нууц товчоо дахь газар нутгийн нэр судлал” номондоо газар нутгийн 240 орчим нэрийг буулгажээ. Түүнчлэн, “Их Монгол гүрний хот балгадын товчоон” номыг 2018 онд хэвлүүлж, Цагаан хэрэмээс Махико хүртэлх 100 гаруй хот балгад, газрын нэрийг багтаасан байна. Харин 2016 онд олны хүртээл болгосон “Дэлхийд тархсан монголын газар нутгийн нэр ном нь шигшин авсан, шинээр заримыг нь нэмсэн, цөөнгүй орны эрдэмтдээс монгол, англи, орос, франц, хятад хэлээр бүтээсэн өгүүллүүдийн цомог аж

Related news