Монгол, Энэтхэгийн хамтарсан "Нүүдэлчин заан-2024" сургууль зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-07 09:19:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНЭУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд “Нүүдэлчин Заан” хоёр талын хамтарсан сургалт, дадлагыг энэ удаад БНЭУ-ын Мегхалаяа мужийн Шилун дүүрэгт орших БНЭУ-ын Зэвсэгт хүчний “Цэргийн сургалтын нэгдсэн төв”-д энэ сарын 3-нд эхлүүллээ. 


Хамтарсан сургуулийн нээлтэд Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Д.Ганболд оролцож, хэлсэн үгэндээ, -Хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаагийн илрэл нь "Нүүдэлчин заан" сургууль. Үүгээр цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэхийн зэрэгцээ нөхөрсөг цэрэг дайчдын эв нэгдлийг эрхэмлэсэн найрсаг хамтын ажиллагааг бататгасан, үр дүнтэй сургалт болно гэдэгт итгэлтэй байна хэмээгээд, туршлага солилцох, цэргийн ажиллагааны арга тактикт суралцан, энхийг сахиулах үйлсэд оролцох нэгдмэл байдлыг хангадаг давуу талтай, хоёр улсын дипломат харилцааг бататгах, түүх, соёл, зан заншил, уламжлалыг харилцан солилцож, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтойг тэмдэглэв.


Тэрбээр, хоёр орны хамтын ажиллагаа нь харилцан айлчлалыг зохион байгуулах, хамтын ажиллагааны уулзалтыг тогтмол хийх, Монгол Улсын цэргийн алба хаагчдыг сургаж бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэх, харилцан туршлага судлах, хамтарсан цэргийн сургуулийг зохион байгуулах зэргээр найрсаг хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагаа өргөжиж байгааг тодотгосон юм.


Хоёр улсын хамтарсан сургууль 2004 онд Монголд зохион байгуулахад анх хамрагдаж байсан Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн бие бүрэлдэхүүн дахин оролцохоос гадна хоёр талаас тодорхой тооны эмэгтэй цэргийн алба хаагч эрчүүдтэй зэрэгцэн суралцаж, туршлагаа хуваалцаж буйгаараа онцлог юм. Тус сургуулийг Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч хурандаа Б.Олзбаяр, Энэтхэгийн талаас 11 дүгээр уулын мотобуудлагын батальоны захирагч хурандаа СБ Мунноли удирдан явуулж байгааг Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ мэдээлжээ.

Монгол Улс, БНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг 2025 онд тэмдэглэнэ. 



Related news