СЭЛЭНГЭ: Ерөө сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-18 10:59:30

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Атрын анхны хөдөлмөрийн баатрын өлгий нутаг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Ерөө сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна.

 

Энэхүү тэгш ойн баяр наадмаар Ерөө сумын анхдагч Алдарт уяач Баянмөнхийн Наранхүүгийн хурдан хээр морины зодог тайлах ёслол болов.

 

Алдарт хурдан хээр өнөөдөр 35 нас хүрч байгаа аж. Түүний эх бор гүүг 1989 онд мал хувьчлалаар засгийн адуунаас авч байсан байна. Харин эцэг өсгий цагаан хээр азарга нь Хүйтний голоос гаралтай адуу юм.  

 

Хурдан буянт хээр морь 1992 онд дааган насандаа сумын баяр наадамд түрүүлж, 1993 онд шүдлэн насандаа сумын баяр наадамд дахин түрүүлж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баясгажээ.

 

Мөн одоогоос 30 жилийн өмнө 1994 онд хязаалан насандаа Ерөө сумын түүхт 70 жилийн ойн баяр наадамд дахин 3 дахь удаагаа түрүү магнай хүртэж байсан байна.

 

Хурдан хээр хүлэг нийтдээ 8 түрүү, нэг айраг хүртсэн түүхэн амжилт бүтээсэн хурдан буян юм.

 

Related news