“Иргэдэд ээлтэй цагдаа” төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Хөвсгөл далай ээж нийгэмлэгээс “Иргэдэд ээлтэй цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийг хэрэгжүүлэхдээ хамгийн их гэмт хэрэг гардаг Мөрөн сумын 6 хороог сонгож авсан бөгөөд эхний ээлжинд цагдаагийн байгууллагыг үнэлэх судалгааг иргэдээс авч байна.
Иргэд цагдаагийн байгууллагын ажилтнуудыг ямар харилцаа хандлагатай байхыг хүсдэгээ илэрхийлж цагдаагийн байгууллагыг үнэлсэнээр цагдаагийн байгууллага цаашид үйл ажиллагаагаа сайжруулж иргэдээ сонсож тэдний санал бодлыг өөрсдийн ажилдаа тусгаснаар харилцан ойлголцол илүү батжина гэж үзэж байгаа гэнэ. Мөн иргэдээс гадна цагдаагийн байгууллагын бие төлөөлөлтэй уулзаж үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй асуудал юу байдаг талаар ярилцаж олон талын эх сурвалж судалгаан дээр үндэслэн төслийн үр дүн тооцогдох аж.
Төсөл амжилттай хэрэгжсэнээр “Монголд анх удаа Цагдаагийн байгууллагыг иргэд үнэлэх шалгуур үзүүлэлт батлагдана” гэдгийг “Хөвсгөл далай ээж” нийгэмлэгийн тэргүүн Ж.Оюумаа хэлж байлаа.
Б.Гантуяа