Тэрбумаас давсан орлоготой түүхэн дэх анхны клуб - "Реал Мадрид"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-07-24 12:03:42

МАДРИД, 2024 оны долоодугаар сарын 24. /ТАСС/. Нэг улирлын хугацаанд 1 тэрбум еврогоос дээш орлого олсон түүхэн дэх анхны хөл бөмбөгийн клуб нь Мадридын “Реал” боллоо. Энэ тухай тус клубын хэвлэлийн алба мэдээлжээ.


Тоглогчдын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мөнгөний эргэлтийг тооцохгүйгээр “Реал”-ын үйл ажиллагааны орлого €1,073 сая болсон нь өмнөх оныхтой харьцуулахад 27 хувиар илүү байна. Өмнөх 2022/2023 оны улиралд тус клубын орлого 843 сая евро байсан юм. Харин санхүүгийн жилийн цэвэр ашиг нь 16 сая еврод  хүрч, өмнөх оны үзүүлэлтээс 32 хувиар давжээ. Түүнчлэн клубын өөрийн хөрөнгөний хэмжээ 547,1 сая евро болсон нь өмнөх улирлынхтай харьцуулахад 16 сая еврогоор нэмэгдсэн байна.


Санхүүгийн тайланд тус клубын "Сантьяго Бернабеу" цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх төслийн санхүүжилтийг тусгаагүй ажээ.


Сануулан дурдахад, 2023/2024 оны улиралд тус клуб Аваргуудын лигт түрүүлж, Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 95 оноотойгоор аваргалж, Испанийн Супер цомын эзэн болсон билээ.


Саяхан тус клуб 25 настай Францын довтлогч Килиан Мбаппег 5 жилийн гэрээгээр эгнээндээ элсүүлсэн юм.  


2024/2025 оны улирлын Испанийн аварга шалгаруулах тэмцээн 8 дугаар сарын 15-нд эхлэх бөгөөд “Реал Мадрид” баг 18-ны өдөр “Мальорка” клубын талбайд эхний тоглолтоо хийнэ.

 

 

Related news