Морьтой зэрлэгээр харьцсан Олимпын аваргыг Олимпод оролцуулахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-07-24 15:27:37

МОСКВА, 2024 оны долоодугаар сарын 24 /sports.ru/.  Морьтой зүй бусаар хатуу ширүүн харьцсан гэх шалтгаанаар Олимпын гурван удаагийн аварга, Их Британийн тамирчин Шарлотта Дюжарден-ийг "Парис-2024" Олимпын тоглолтод оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын морин спортын холбоо /FEI/ гаргажээ.


Үүний зэрэгцээ түүний тэмцээнд оролцох эрхийг зургаан сарын хугацаагаар хассан байна.


Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь дөрвөн жилийн өмнөх дүрс бичлэгээс үүдэлтэй ажээ. Тухайн үед Олимпын аварга Дюжарден 19 настай морин спортын тамирчин бүсгүйг дасгалжуулж байхдаа морины хөл рүү ташуураараа маш хүчтэй шавхуурдаж байсан нь камерт бичигдэн үлджээ. Энэ явдлаас хойш хэсэг хугацааны дараа тамирчны өмгөөлөгч нь Олон улсын морин спортын холбоонд гомдол гаргасан байна.


Морин тойруулгын голд зогсож байсан Шарлотта урт ташуур бариад морины хөл рүү нэг минутанд 24 удаа маш хүчтэй цохиж байсан нь циркэд зааныг тоглуулж буйтай адилхан харагдаж байсан гэнэ. Энэ талаар ярихгүй байхыг унаач бүсгүйд сануулсан төдийгүй ярьсан хүмүүсийг Их Британид болон бусад улсад ажлаас нь халж байжээ.


Дуулиан дэгдсэнээс хойш хэдэн өдрийн өмнө Олимпын аварга Дюжарден болсон явдлын төлөө олон нийтээс уучлал гуйсан байна. “Ийм үйлдэл нь миний зан чанарт огт нийцэхгүй зүйл бөгөөд өөрийн морьд ба шавь нараа сургадаг байдлаас тэс өөр байна. Гэсэн хэдий ч надад өөрийгөө зөвтгөх шалтгаан алга. Миний хувьд ичгүүртэй байна, тухайн үед би сайн үлгэр дууриаллыг үзүүлэх ёстой байсан” гэж тэрбээр ярьжээ.


Шарлотта Дюжарден Лондон-2012 Олимпын наадмаас 2 алтан медаль хүртэж, Рио-2016 Олимпын тоглолтод аваргалж байсан юм. 

Related news