8 цэцэрлэгийн тойргийг томсгож шинэчлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Боловсрол Соёлын Газраас туршилтаар Хэрлэн сумын 8 цэцэрлэгт хүрэлцээ, багтаамжаас шалтгаалж цэцэрлэгийн тойргийг томсгож шинэчлэв.
Тус тойргийн асуудал нь хувийн хэвшлийн цэцэрлэгт хамаарахгүй бөгөөд төрийн өмчид хамаарах юм.
БСГ-ын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнгөнбаяр "2-5 настай 6290 хүүхэд цэцэрлэгт хамруулах шаардлагатай гэсэн тоо бий. Үүнээс 4933 хүүхдийг үндсэн сургалт буюу 9 сарын 1-нээс 6 сарын 1 хүртэл сургалтад хамруулах бөгөөд 1268 хүүхдийг хувилбар сургалт буюу зуны турш аймгийн баг хороонд гэр барин хичээллэдэг богино хугацааны сургалтад хамруулах юм. Ингэснээр нийт хүүхдийн 99 хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаар төлөвлөсөн” гэв.
Аймгийн хэмжээнд 34 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж буйгаас 32 нь төрийн өмчит, хоёр цэцэрлэг нь хувийн хэвшлийн, нэг ясли байдаг. Үүнээс үндэсний сургалтын 172 бүлэгт хүүхдүүдээ элсүүлэх бөгөөд нэг бүлэгт дунджаар 29 хүүхэд элсэх боломжтой юм.
Цаашид туршилтаар хийж буй цэцэрлэгийн тойргийг томосгох, шинэчлэх ажил үр дүнтэй хэрэгжвэл дараа жил Бор-Өндөр суманд хийхээр төлөвлөж байгаа аж.
О.Буянхишиг
Comments