ДОРНОД: “Эерэг хандлага-Эрүүл оюутан” оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг эхлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-04 17:24:36

Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Эерэг хандлага- Эрүүл оюутан уриатай оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг Дорнод аймагт эхлүүллээ.


Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 64 их, дээд сургуульд 145,245 оюутан, залуус суралцаж байна.


Дэлхийн улс орнуудын залуусын хөгжлийн түвшнийг тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, улс төрийн оролцоо буюу хариуцлагатай манлайлал гэсэн 5 үзүүлэлтээр тооцон гаргадаг байна.

 

Монгол залуусын хувьд үзлэг, шинжилгээнд хамрагдах нөхцөл бололцоо тааруу байдгаас эрүүл мэндийн асуудал үүсэж, цаашлаад өвчин архагших, халдварт өвчин тараах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Мөн өрсөлдөх чадвар, амжилтад нь ихээхэн нөлөөлдөг байна.

 

Тухайлбал, сэтгэцийн эмгэгийн 75 хувь нь залуу насандаа эхэлдэг байна. Мөн Монгол Улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна. Өвчлөлийн 37 орчим хувийг 15-34 насны өсвөр насныхан, оюутан, залуучууд эзэлж байна. Иймээс оюутан залууст амьдралын эрүүл хэв маягийг бий болгож, эрүүл зан төлөвийг суулгах нь чухал учраас энэхүү аяныг эхлүүллээ.

 

Дорнод аймгийн тухайд МУИС-ийн салбар сургууль болон Политехникийн коллежид суралцдаг оюутан залуус энэ аянд хамрагдах юм.

Related news