ДОРНОД: Найман суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны барилга барих ажлыг эхлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ энэ сарын 3-ны өдөр Матад суманд ажиллан иргэдтэй уулзаж, хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг өгсөн юм.
2020-2024 онд Матад
суманд улс, аймгийн төсвийн 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийн төсөл, арга хэмжээг
хэрэгжүүлжээ. Үүнээс нийгмийн салбарт 4,112,127.6 төгрөг зарцуулсан байна.
Тус
суманд өнгөрсөн онуудад хийсэн онцлог хөрөнгө оруулалтыг дурдвал, багийн бага сургууль байгуулах, багийн цэцэрлэг, бага
сургуулийн боловсон ариун цэврийн байгууламж, гадна тохижилтын ажилд
шаардлагатай бараа, материал (Матад сум, Мэнэн баг), Соёлын төвийн
"Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих" танхимд тоног төхөөрөмж (Матад
сум), инженерийн шугам сүлжээ, орон нутгийн өмчийн орон
сууцыг шинээр бий болгох /Матад сум/ гэх зэрэг ажлыг хийсэн байна.
Харин 2024 оны тухайд Баяндун, Баян-Уул, Баянтүмэн, Булган, Чойбалсан, Матад, Сэргэлэн, Цагаан-Овоо сумтай хамтран сумдад нэн хэрэгцээтэй мэргэжлээр ажиллаж буй албан хаагчдад зориулсан 8 айлын орон сууцны барилга барих, ундны усны худгийн цэвэршүүлэх тоног, төхөөрөмж нэмэгдүүлэх (Матад, Цагаан-Овоо сумтай хамтран), сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг компьютержуулах гэх зэрэг олон төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Мөн
аймгийн Засаг дарга Матад сумын ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцаж, өвөлжилтийн
бэлтгэл ажлыг хангах, багшийн сул орон тоог яаралтай нөхөх чиглэл өглөө.