СЭЛЭНГЭ: Д.Сүхбаатарын хөшөөг барих санаачилгыг партизанууд анх гаргажээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-08 15:48:23

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Их жанжин Дамдины Сүхбаатарын цээж баримал бүхий хөшөө хувьсгалын өлгий Алтанбулаг сум дахь Нэгдсэн музейн гадна талбайд сүндэрлэн байдаг.

 

Энэхүү хөшөөг Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор 1951 онд партизануудын санаачилгаар барьжээ.

 

Хэн, ямар дархан урлан хийж бүтээсэн нь тодорхойгүй бөгөөд үүнээс хойш 15 жилийн дараа 1966 онд Д.Сүхбаатарын цээж баримлыг нэмж суурилуулсан байна.

 

Дээрх хөшөөг хийсэн тухай түүхэн эх сурвалж бичгийг аймгийн Нэгдсэн музейд ийн хадгалан үлдээжээ. Тодруулбал Сүхбаатарын хөшөөг босгох ажилд партизануудын хүчийг сайн дураар нэгтгэн партизаны нэгдэл байгуулан ажилласан байна. Хөшөөг босгох хөрөнгийг пиво варшка эсгэж худалдан их орлого төвлөрүүлэн нэгдлийн хүч хөрөнгийг зохион байгуулж, Хондод төвлөрүүлэн ажиллуулж, орлогын 40 хувийг хөшөө босгох ажилд зориулсан байна.

 

Энэхүү ажилд Мельников гэдэг орос хүн маш их үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр 1921 онд ардын хувьсгал үүсэхэд бие хүчээ зориулсан хүн юм. 1920 онд Д.Сүхбаатартай хамт хэвлэх үйлдвэрт ажиллаж байгаад 1921 онд Хиагтыг чөлөөлөх байлдаанд манай партизан цэрэгтэй хамт явж, Зөвлөлт Улсаас зэвсэг сум тээвэрлэн авч ирэх үүрэг гүйцэтгэж байжээ.

 

1921 оны 5-р сард Бароныг хөөх тулалдаанд олзлогдон баригдаж, нүдээ ухуулан, гараа огтлуулж тамлагдсан байсныг улаан цэрэг чөлөөлөн авчээ.

 

Түүний эхнэр нь пулемёт бууны новучик хийж яваад гараа шархдуулжээ.

 

Энэ хоёр хүн хувьсгалын дараа 1954-1955 он хүртэл Алтанбулаг хотод Сүхбаатарын дурсгалын байшинг сахиж, түүнийг босгох ажилд гол үүрэг гүйцэтгэж байсан байна.