ДОРНОД: Монголд хамгийн жижиг шатар урласан сийлбэрч

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-11 14:43:51

Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монголын хамгийн жижиг шатар бүтээсэн сийлбэрч бол Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн Технологийн багш М.Пүрэвжав юм.


Монгол ахуйг харуулсан энэ шатрын хүү 1.9 мм, бод нь 2.2 мм диаметртэй, үхэр тэрэг, барс гэх мэт амьтдыг дүрсэлжээ. Мөн тэрээр 2018 онд “Буриадын их нүүдэл”, “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн “Тулгар төрийн эхлэл” нэртэй зургаан цуврал бичил сийлбэрийн бүтээлийг урлаж байсан юм. Уг бүтээлүүдэд эзэн Чингис хааны мэндэлсэн, ураг барилдсан, андын тангараг тавьсан үеийг дүрсэлсэн байдаг.


Манай улсад бичил сийлбэрийг голдуу харандаан дээр хийдэг бол түүний хувьд модон дээр сийлдэг. Тухайлбал, харандааг хусаж сийлдэг болохоор нарийн дүр, дүрслэл гаргах боломжтой. Харин модыг хэрчиж тасалж хийдэг учраас модон дээр бичил сийлбэр хийх нь харандаанаас илүү хэцүү аж.


Гаднын улс орнуудад модон сийлбэр байдаг ч битүү сийлбэрийн арга ухаан зөвхөн Монголд л бий. Түүний хувьд модноос гадна навч, өндөг, улаанбуудай, зааны соёон дээр бичил сийлбэр хийж байсан юм. Өдгөө урын санд нь 40 орчим бүтээл байгаагаас хамгийн жижиг нь 1.44 мм хэмжээтэй морь.


Богд хаанд улаанбуудайн дээр сийлсэн яст мэлхий бэлэглэж байсан тухай, мөн 1 см талбай дотор мянган заан багтаан сийлсэн тухай түүхийн номоос олж уншаад М.Пүрэвжав багш бичил сийлбэр хийх санаагаа анх олж, 21 дэх жилдээ бүтээлээ урлаж байна. 





Related news