Их мастер Б.Мөнгөнтуул гранприд өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Казахстаны Шымкент хотод эмэгтэй шатарчдын 2024-2025 оны цуврал гранпри тэмцээн өнөөдөр эхэлж байна.
10 хоног үргэлжлэх тус тэмцээнд 10 шатарчин тойргоор өрсөлдөх юм. Нийт зургаан цуврал тэмцээний үр дүнгээр гранпри тэмцээний цомын эзнийг тодруулах бөгөөд нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй. Манай улсаас их мастер, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнгөнтуул өрсөлдөх аж. Тэрбээр өмнө нь хоёр удаа энэхүү цуврал тэмцээнд өрсөлдөж зургаа болон наймдгаар байр эзэлж байв. Б.Мөнгөнтуул гавьяат “ФИДЕ Гранд Свисс” тэмцээнд дөрөвдүгээр байр эзлэн энэ жилийн гранприд оролцох эрхээ авсан байна.
Шымкентийн тэмцээнд манай шатарчнаас гадна Энэтхэгийн Хомпу Конеру, Дивяа Дэшмух, Болгарын Нургуль Салимова, Оросын Катерина Лагно, Александра Горячкина, Хятадын Тан Зонгуй, Германы Элисабет Пэйез, Грекийн Ставроула Цолакидоу, Казахстаны Бибисара Ассаубаева нар өрсөлдөх юм.
Монголоос тус тэмцээнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн
тамирчин нь их мастер,
гавьяат тамирчин Т.Батчимэг юм. Түүний
хувьд 2012-2013 оны цувралд
тавдугаар байр эзэлж байлаа.