Цас орсны улмаас гол мөрний ус нэмэгдэж зарим зам, даваа хаагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-19 00:10:13

Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт нутгаар цас орсны улмаас сумын ИТХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байгаа гэнэ.

Тухайлбал тус аймгийн Галт сумын Зүрх багийн 300 орчим сонгогч иргэдийг Идэрийн голыг гатлуулан санал өгүүлэхийн тулд зүтгэх хүчний автомашиныг байрлуулж шаардагдах бэлэн байдлыг хангуулах шатахуун тосны 462000 төгрөгний санхүүжилтыг болзошгүй үеийн үйл ажиллагааны зардлаас шийдвэрлэжээ.  Мөн цас их орсны улмаас Ханх сумын Уртрагийн даваа хаагдсан, Түнэл, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумын гол мөрний усны түвшин нэмэгдсэн зарим нь дутуу хөлдсөн байгаа тул гол мөрнийг тойрох, усыг гатлуулах арга хэмжээний зардлыг аймгийн Сонгуулын хорооноос шийдвэрлэн өгчээ. Цас нэмж орж байгаа тул малчин иргэдийн санал өгөх байдал, саналын ирцийн хувь дутаж магадгүй тул тодорхой шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгааг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Болд хэллээ. 

Б.Гантуяа

 

Related news