ХӨВСГӨЛ: Эрлийн ажиллагаанд 250 гаруй хүн оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-18 15:55:47

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага  өчигдөр  16 цаг 55 минутад  иржээ.


Тодруулбал Тариалан сумаас  хойд зүгт 30 км зайд мод бэлтгэлийн ажил хийж байсан иргэн Ц-ийн хоёр настай хүү  нь эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон байна.


Эрлийн ажиллагаа 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өдрийн 13 цагийн байдлаар Тариалан  сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан орон нутгийн 250 гаруй иргэн, төрийн албан хаагч, 38 автомашин, 2 мотоцикл, 4 морьтойгоор 4-5 км-ийн радиуст самналт хийж байна.


Мөн аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг Мөрөн сумаас,  Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэлч нохойтойгоор тус суманд ажиллахаар хөдөлсөн байна.

 

 

 

Related news