ДУНДГОВЬ: “Мөнх тэнгэрийн бичиг” уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. "Соёлын бүтээлч сар" аяны
хүрээнд С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан, БШУГ-аас уран бичлэг, хичээнгүй
сайхан бичигтэн шалгаруулах “Мөнх тэнгэрийн бичиг” уралдаан зарлалаа.
Энэхүү уралдааныг “Монгол
бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх, 2025 оноос төрийн албан хэргийг
кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулахад бэлтгэх ажлыг дэмжих зорилгоор
зохион байгуулж байна.
Уралдаанд Ерөнхий
боловсролын сургуулийн 10-12 дугаар анги, Политехникийн коллежийн суралцагчид,
үндэсний монгол бичиг сонирхогч, насанд хүрэгчид оролцох боломжтой.
10-12 дунгаар ангийн
сурагчид “Хөх тэнгэрийн орон-Миний монгол”, “Монгол бичиг миний тусгаар
тогтнол”, “Монголын их амар амгалан”, “Монгол хүүхдийн эрхэмлэх үнэт зүйлс”
сэдвээс сонгон хулс, эсвэл бийрэн бичлэгээр бүтээл хийж оролцоно.
Үндэсний монгол бичиг сонирхогч, насанд хүрэгчдийн хувьд Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн “Монгол бичиг” шүлгийг бүрэн гүйцэд, алдаагүй зөв, цэвэр сайхан бичиж оролцох юм.
Уралдаанд оролцогч зөв
бичих дүрмийн алдаагүй, уран бичлэгийн онцлогийг уран сэтгэмж, зохиомжтой
хослуулсан, бийрэн бичлэгийн зориулалтын цаасан дээр хулсаар, эсвэл бийрээр
бичих ба сайхан бичгийн хувьд хичээнгүй бичлэгийн хэв зурлагыг харгалзана.
Уралдаанд ирүүлэх материалыг 11 дүгээр сарын
19-ний 18:00 цаг хүртэл хүлээн авах ба оролцогчдын бүтээлээр үзэсгэлэн гаргах
юм.