“Говийн гайхамшигт 6” уран бүтээлчдийн аялал зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-19 21:50:55

Говийн дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа, Говь-Алтай, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрууд хамтран уран бүтээлчдийн “Говийн гайхамшигт 6” уран бүтээлчдийн нэгдсэн аяллыг саяхан зохион байгууллаа.

Өнгөрсөн онд Алтай хотод зохион байгуулсан “Мазаалай баавгайг хамгаалах, сурталчлах, амьдрах орчныг тэтгэх ажилд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр уран бүтээлчдийг дархан цаазат газраар аялуулах, байгалийн сайхан, нэн ховор, ховор амьтан ургамлыг харах боломжийг бүрдүүлэх, тэдний уран бүтээлээр  дамжуулан сурталчлах нь зүйтэй гэж  энэхүү ажлыг  анхлан санаачилж байсан юм. Уг санаачлага хүрээгээ тэлэн Говь-Алтай, Баянхонгор, аймгийн уран бүтээлчдийг говийн их дархан цаазат газрын А хэсэг, Алтайн өвөр говиор  аялуулсан арга хэмжээнд яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, гэрэл зурагчин, уран зураач,   орон нутаг судлаач зэрэг нийт 28 хүн хамрагдлаа. Уран бүтээлчид Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутаг Говийн их дархан цаазат газрын А хэсгийн нутгаар буюу Ээж хайрхан уул,  Захуйн усны хавтгай үржүүлгийн төв,  Отгоны ус, Хар сайрын хөндий,  Баруун шаргын баян бүрд,  Шар хулсны баян бүрд,  Цагаан бургасны баян бүрд,  Хатан суудлын застав, Хатан суудал хайрхан, Сэгс цагаан богд уул,  Сүүжийн булаг,  Эхийн гол, Хаан тоорой гэсэн маршрутаар аялан говийн гайхамшиг,  нэн ховор амьтдын амьдрах орчин, уур амьсгалын онцлог нөхцөлтэй танилцлаа Алтайн өвөр говь нь хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөнд бага өртөж унаган төрхөөрөө хадгалж үлдсэн говь цөлийн экосистем бөгөөд амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд дэлхийн ач холбогдол бүхий онцгой газарт тооцогддог юм. Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох мазаалай, хавтгай, хулан, хар сүүлтий, аргаль, янгир зэрэг хөхтөн болоод жороо тоодог, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад орших энэ нутгийн олон улсын ач холбогдлыг нь харгалзан 1991 онд ЮНЕСКО-ийн шийдвэрээр Олон улсын шим мандалын нөөц газрын сүлжээнд хамруулсан билээ. Говийн Их дархан цаазат газар нь “А, Б” гэсэн хоёр хэсгээс тогтох ба нийтдээ 5.3 сая га талбайг эзэлж талбайн хэмжээгээрээ дэлхийд 15-д ордог юм. Алтайн өвөр говийн талаар олны хүртээл болохуйц телевизийн нэвтрүүлэг, сонины мэдээ, нийтлэл, сурвалжилга, уран зураг, шүлэг яруу найраг, найруулал, аян замын тэмдэглэл гарч, Алтайн өвөр говь, ховор амьтан ургамлыг олон нийтэд хүргэх боломж бүрдлээ.

                                                                        Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Related news