“Герман дахь монголчуудын түүх, соёлын дурсгалууд” номын нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-10 10:15:46

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалууд дэлхийн олон оронд хадгалдаг бөгөөд эдгээр дурсгал нь судалгааны эргэлтэд бага орж, олон сонирхолтой түүхийн гэрч болсоор өнөөдрийг хүрчээ.


Дэлхийд тархсан өв” төслийг санаачлагч С.Чулуун 2018 онд анх ХБНГУ-ын Берлин хот дахь Угсаатны зүйн музейн сан хөмрөгтэй танилцаж, тус музейд хадгалагдаж буй Монголын түүх, угсаатны зүй, соёлтой холбоотой сонирхолтой эд өлгийн зүйлсийг үзэж, хамтран нийтлүүлэх хүсэлт тавьснаар “Герман дахь монголчуудын түүх, соёлын дурсгал” бүтээлийг хэвлэж, ном болгон олны хүртээл болголоо.


Номын ерөнхий редактор, төслийн удирдагч С.Чулуун, “Бид төслийг 10 гаруй жилийн өмнө эхлүүлж, энэ хугацаанд монголчуудтай холбоотой түүх, соёлын эд өлгийн зүйлсийг эрж хайх судлан шинжлэх, хэвлэн нийтлүүлэх ажлыг хийсээр 10 гаруй боть цуврал болгон нийтлүүлээд байна. Энэ удаад Германд хадгалж байгаа Монголын түүх, соёлын дурсгалуудыг хэвлэн нийтэлж, олон түмэнд түгээж байна. Герман бол Монголын соёлын өвийг цогцоор нь хадгалж байгаа улс. Дурсгалуудын онцлог нь монголын угсаатны зүй, шашин судлал, XVIII зууны англи язгууртны гэрэл зураг, XIV зууны үеийн монгол хаадын захидал бичгүүд, хошуудын газрын зураг, XIII-XIV зууны үеийн Ил хаант улсын үеийн зургууд зэрэг сонгодог дурсгалууд орсон бүтээл.


Цаашдаа нийт 20 боть хийснээр дэлхий дахинд буй Монголын соёлын өвийн дурсгалууд цогцоороо бүтээл болж гарч судалгааны эргэлтэд орно. Энэүү номын нээлтэд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн эрхэм анд Ларс Кристиан Кох танд гүн хүндэтгэл илэрхийлье. Мөн энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ой тохиож буй. Энэ хүрээнд Герман дахь Монголын соёлын өв, Монгол-Германы хамтарсан судалгааны үр дүнг орчин үеийн техник технологийг ашиглан “Орхоны хөндийн” виртуаль музейн цахим хуудсыг монгол, герман, англи зэрэг гурван хэлээр,  хүртээмжтэй хэлбэрээр олон нийтэд хүргэж байгаагаараа онцлог” гэдгийг тодотгов. 




Энэ үеэр номын нээлтэд хүндэт зочноор оролцож буй Хумбольдт Форум дахь Угсаатны зүйн музейн захирал доктор, профессор Ларс Кристиан Кох, “Монгол Улсын санаачилгаар энэхүү номыг маш богино хугацаанд хэвлүүллээ. Ном хэвлэгдсэнээр дараа дараагийн ажлын эхлэлийг тавьж, ирэх жил хоёр дахь ботийг хэвлүүлнэ.

Манай улсын музейд Монголын түүх, соёлтой холбоотой 1000 гаруй дурсгалыг хадгалж байгаа учраас Монголын ард түмэнд үзүүлэх таниулах ажлыг хийх болно.

Германд хадгалж буй соёлын дурсгалт зүйлсийн цуглуулга нь музейн мэргэжилтнүүд, олон нийтийн анхаарлыг ямагт татсаар ирсэн бөгөөд манай улс эртнээс Монголын тухай үзэсгэлэнг гаргасаар ирсэн нь германчууд танай түүхийг сонирхдог нь харагдаж байна. Чингис хаан үндэсний музейг агуулгын хувьд гайхалтай хийсэн байна. Нэг цагийн дотор Монголын талаарх анхны хичээлийг олж авлаа. Бүтэн өдөржин үзвэл Монголын талаарх бүрэн дүүрэн мэдлэгийг авах боломжтой юм байна, цаашид музей хооронд илүү ойр хамтран ажиллана гэлээ. 




Ташрамд дурдахад, Германд хадгалж буй Монголын соёлын дурсгалт зүйлсийн цуглуулгаар 1930 онд Хойд Азийн урлаг, соёл, 1933 онд Монгол ардын аж байдал тусгай үзэсгэлэн, 1935 оноос Угсаатны зүйн музейн байр байсан Königgrätzer Strasse-д монгол соёлын тухай байнгын үзэсгэлэн, 1973 оноос байнгын үзэсгэлэнгүүд гарч байсан аж.










Related news