Төв банкны эрх зүй, цахим шилжилтийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монголбанкнаас Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж хөгжин бэхэжсэний 100 жилийн ойд зориулан “Төв банкны зорилт, засаглал, үйл ажиллагааны чиглэл, эрх зүйн шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.
Хурлаар Мөнгөний бодлогын хороо, хяналт шалгалтын хороо зэрэг засаглалын хэлбэрүүдийг танилцуулж, энэ оны 7 дугаар сард зохион байгуулсан санхүүгийн олон улсын хурлын дараагаар их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зарласан шилдэг илтгэлийн уралдааныг дүгнэлээ. Уралдаанд төв банкны үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, засаглал, хараат бус байдал, хууль эрх зүйн шинчлэл, эдийн засгийн нөхцөл байдлыг хөндөж, асуудал дэвшүүлсэн 30 гаруй илтгэл ирүүлснийг хэлэлцлээ.
Улсын дээд шүүх, Хууль
зүйн их сургууль, СЭЗИС зэрэг их, дээд сургууль, санхүү, хууль эрх зүйн
байгууллагын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд, оюутнууд оролцсон өнөөдрийн эрдэм
шинжилгээний хурлын гол сэдэв цахим, шилжилт дижитал хувьсгал, хиймэл оюун
ухааны хөгжлийн тухай байлаа.
Тодруулбал, төв банкны үйл
ажиллагаа эдийн засагт хэрхэн нөлөөлдөг болон валютын ханшийн хэлбэлзэл
сонгуулийн мөчлөгт нөлөөтэй эсэх гэсэн илтгэлүүд оролцогчдын сонирхлыг татаж
байв.
Хуульч, доктор С.Энхбаяр “Төв
банкнаас гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр хувийн эрх зүйн харилцаанд
нөлөөлөх нь” сэдвээр тавьсан илтгэлдээ, “Төв банкны эрх зүйн зохицуулалтын үндсийг
ямар хуулиар олгох нь Төв банкны үйл ажиллагаанд нөлөөтэй байдаг” гээд, Үндсэн
хуулиар Төв банкны үйл ажиллагааг зохицуулсан тохиолдолд эрх зүйн үндэс суурь
нь бат бэх тавигддаг гэдгийг тодотгов.
Хэдийгээр Төв банкны үйл
ажиллагааны эрх зүйн үндсийг Үндсэн хуульд бэхжүүлээгүй боловч Үндэсний аюулгүй
байдлын үзэл баримтлалд Төв банкны чиг үүргийг тодотгосон нь тохиолдлын зүйл
биш юм. Олон улсын жишигт Төв банкны үйл ажиллагаа нь төрийн засаглалын
байгууллагаас хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор Төв банкийг
Үндсэн хуулийн байгууллага болгож, эрх хэмжээг тодорхойлж, эрх зүйн хамгаалалтыг
хуульчилсан улс цөөнгүй байгаа жишээг татаж байлаа.
Тэрбээр, Төв банкны тухай
хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар арилжааны банкны санхүүгийн
тогтвортой байдлыг хангах нь Төв банкны үндсэн үүргийн нэг гэдгийг тодотгон
хэлж байлаа.
Илтгэлүүдийг судлаачдын
болон оюутны гэсэн хоёр ангиллаар хэлэлцэн шүүж, 11 илтгэлийг шалгаруулж байна.