Б.Энхтөр холимог тулааны 10 дахь тулаанаа хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Холимог тулааны ертөнцөд Монгол Улсын нэрийг өндөрт өргөж яваа “Босс чоно” хочит Б.Энхтөрийн ээлжит тулаан болох гэж байна.
Тодруулбал, энэ сарын 11-нд LFA холбоонд манай тамирчин замналынхаа 10 тулааныг хийх юм. АНУ-ын Калифорни мужид болох уг тулаанд түүнтэй өрсөлдөхөөр Оросын холимог тулааны од Шовхал Чурчаев рингэнд гарна.
Манай тулаанчийн хувьд 2015 онд анхны дебютээ хийснээс хойш есөн тулаанд орохдоо долоо ялж, хоёр ялагдсан амжилттай яваа. Хамгийн сүүлд өнгөрсөн орны наймдугаар сард бүсний төлөөх тулаанд өрсөлдөгчөө ялснаар анхны бүсээ авсан юм.
Тэгвэл Чурчаев 188 см өндөр, босоо тулаан нь бокс суурьтай. Сонирхогчдын боксоор ч чамгүй амжилт гаргаснаас гадна жюү жицүгээр барилддаг нэгэн. Инстаграмм хуудастаа 1.7 сая дагагчтай түүнийг оросууд энэ тулаанд ялах магадлал 70 хувьтай гэж таамагласан байна. Өдгөө 26 настай тэрбээр холимогоор долоон тулаан хийхдээ тав ялж, хоёр ялагдсан аж.