МУИС-тай байгуулсан санамж бичгийг шинэчиллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-14 11:02:28

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг хүлээн авч уулзан, хоёр байгууллагын хамтын ажиллагааны бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцов.


Мөн байгууллагын хооронд 2023 онд байгуулсан санамж бичиг, түүнийг шинэчлэн, сайжруулах ажиллах тухайд ярилцлаа.

МУИС-ийнхан Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк төслөө танилцуулав. Тус паркийн алсын хараа нь Монгол Улсын инновац технологийн дэвшлийн гол төв болж, улс орны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулан стартапын экосистемийг бүрдүүлэхэд чиглэж байна. “Их сургуулийн эрдэмтэн судлаач, багш, оюутнуудын мэдлэг шингэсэн судалгааны үр дүн, шинэ бүтээл, технологи инновацыг хөгжүүлэн нийгэм эдийн засгийн хэрэглээний эргэлтэд оруулах, улс орны өмнө тулгарч буй асуудлыг шийдэхэд их сургууль шинжлэх ухааны оролцоог нэмэхэд төслийн зорилго оршино. Санамж бичгээ сэргээн шинэчлээд, бодит ажил хийх, тухайлбал, цаашид өндөр технологи, шинжлэх ухаан, их сургууль, практикийг хослуулан өндөр боловсрол мэдлэгтэй боловсон хүчнийг бэлдэхэд хамтран ажиллая” хэмээн МУИС-ийн ректор Б.Очирхуяг хэлэв.


Тэрбээр МҮХАҮТ нь МУИС-ийн Бизнесийн их сургуультай Монголын бизнесийн орчны судалгааг жил бүр хийсээр ирсэн нь бизнес эрхлэгчид, төр засгийн байгууллагын хувьд тухайн жилийн бизнес эрхлэлтийн орчныг харах дата бааз болдгийг онцолсон юм.


Цаашид энэ судалгааг өргөжүүлэх, Танхимын дэргэдэх Бизнес академи, ндийн засгийн судалгааны газартай хамтын ажиллагаа үргэлжлүүлэх аж. Ойрын хугацаанд хоёр байгууллага санамж бичгийн зүйл заалтаа шинэчилж, төлөвлөгөөгөө шинээр гарган хамтарсан хэлэлцүүлэг, форум хийхээр тохирсон байна. 


МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од “Танхим их сургуультай тодорхой үр дүн гаргаж ажиллахад бэлэн. Хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдийг чадавхжуулахад Их сургуулийн багш, судлаачидтай хамтран ажиллаж, сургалт, семинар хийе. Мөн паркийн төсөлд танхимаас оролцоотой байж дэмжиж ажиллах боломжтой” хэмээжээ.


Тус уулзалтад МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар,МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Б.Даваасүрэн, Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн захирал О.Мөнхбат, МУИС-ийн хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, ШУТУБП-ын ерөнхий менежер Н.Өлзийжаргал, мөн тус паркийн ТДТ-ийн эрхлэгч Ш.Нармандах нар оролцов.

Related news