ДОРНОД: Энэ онд 220 цэгт 820 камер суурилуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн төсвөөс 220 цэгт хөдөлгөөнт болон чиглэлийн, дугаар илрүүлэгчтэй 820 ширхэг камер суурилуулна. Аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Мөнхбаяр: "Олон улсын стандартаар тооцож үзвэл аймгийн төв, 13 сумын хэмжээнд нийт 1270 ширхэг камер шаардлагатай" гэв.
Өнөөдрийн байдлаар аймгийн төв Хэрлэн сумын хэмжээнд 132 цэгт 482 камераар хяналт тавин ажиллаж байгаа юм. Үүний 385 нь аж ахуйн нэгж байгууллагуудынх. Цагдаагийн газраас санаачлан ийнхүү тус байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд Цагдаагийн газар дахь камерын нэгдсэн системдээ холбож чаджээ. Хэрэг зөрчил хамгийн ихээр гардаг Читийн гудамж дагуух 32 байршилд өнгөрсөн жил камер суурилуулсан байна. Түүнчлэн энэ жил Халх гол, Цагаан-Овоо, Чойбалсан, Сэргэлэн, Дашбалбар, Матад, Хөлөнбуйр сумд камержуулалтад зориулан төсөв тавьж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд ч камер байршуулж эхэллээ.
Энэхүү ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газарт Камерын хяналтын дэд төвийг ашиглалтад оруулахад бэлэн болж, нийслэлд туршлага судлаад иржээ.