ГОВЬ-АЛТАЙ: Таеквондогийн тамирчид олон улсын тэмцээнээс 21 медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн "Алтайн хүчит барс спорт сургалтын төв"-ийн тамирчид олон улсын тэмцээнээс 21 медаль хүртжээ.
Говь-Алтай аймгийн "Хансүмбэрийн барсууд" холбооны "Алтайн хүчит барс" сургалтын төвийн 17 тамирчин энэ сарын 14-16-ны өдрүүдэд Казахстан улсын Павладор хотод болсон “Pavlodar open-2025” олон улсын таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ. Тус тэмцээнд Казахстан, Киргиз, Узбекистан, Тажикистан, ОХУ, Монгол улс зэрэг зургаан орны нийт 1600 тамирчин оролцсон байна. Тодруулбал, тус тэмцээний “А” ангилалд Говь-Алтай аймгийн "Хансүмбэрийн барсууд" ТББ, "Алтайн хүчит барс спорт сургалтын төв"-ийн 17 тамирчин, багшийнхаа хамтаар оролцож А ангилалд 4 хүрэл медаль хүртсэн бол “В” ангилалд 6 алт, 7 мөнгө, 4 хүрэл медаль, нийт 21 медаль хүртжээ.
“Алтайн хүчит барс спорт сургалтын төв” нь 2002 оноос өдгөө хүртэл Говь-Алтай аймагт үйл ажиллагаагаа явуулж буй таеквондогийн спортыг хүүхэд багачуудад таниулан, дэлгэрүүлж байгаа цор ганц сургалтын төв юм.