ХОВД: Цонж хад 20 метр орчим өндөртэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад сумын нутагт, төрийн тахилгат Алтан хөхий уулаас өмнө зүгт 10 орчим км зайд өвөрмөц тогтоц бүхий нэгэн хад бий. Энэ хад 20 метр орчим өндөртэй. Нутгийн иргэд цонж хад буюу нарийн суурьт гэж нэрлэдэг. Суурь нь нарийхан, хэзээ, хэзээгүй элэгдэж унах гэж байгаа мэт харагдана. Арслангийн толгой мэт том /зантгар/ тэргүүн нь ихэмсэг бардам дүр эсгэн алсыг харуулдан байдаг. Сартагтай баатрын домогт өгүүлснээр, “Асар том биетэй, хүч чадалтай Сартагтай гэх баатар эрт цагт энэ нутагт амьдардаг байжээ. Тэр баатрын бие үлэмж томтой адил бэлчээр нутаг, эд хэрэглэл нь хүний санаанд оромгүй том гэнэ. Сан тавьдаг арцны тавиур нь Мянгад сумын Баянбулаг багт байх yарийн суурьт хэмээх уран тогтоцтой нарийхан суурьтай том цонж хад” гэжээ.
Мянгад сум нь Ховд аймгийн төвөөс 45 км, Улаанбаатар хотоос 1470 км зайд бий.