Зөвлөлтийн дайчдын хөшөөг Ленинград мужийн хөрөнгөөр сэргээн засварлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Халх голын байлдааны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөг ОХУ-ын Ленинград мужийн хөрөнгөөр сэргээн засварлаж дууслаа.
Үүнтэй холбогдуулж Зөвлөлтийн дайчдын хөшөөг нээх ёслолын
үйл ажиллагаа өнөөдөр Зайсан толгой дахь цогцолборт боллоо. Тус ёслолд Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, ОХУ-аас Монгол Улсад
суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков нарын албаны хүмүүс оролцов.
Засварын ажлыг Нийслэлийн ЗДТГ, Бүх Оросын түүх, соёлын дурсгалыг хамгаалах нийгэмлэг, хоёр улсын компаниудын дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэжээ. Засварын ажилд 50 сая рубль зарцуулсан ба уг ажилд гар бие оролцсон хүмүүсийг Халх голын 85 жилийн ойн медалиар шагнаж урамшуулав.