Датаг хугацаагаар хязгаарлах үйлдлээ зогсоохыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-29 15:04:44

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Интернэт датаг хугацаагаар хязгаарлаж, хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчингүй болгодог нь хууль зөрчиж байгаа талаар ШӨХТГ-т гомдол гаргахаар болсноо “Дата хугацаагүй болгох нэгдэл”-ийг төлөөлөн Ч.Үүрийнцолмон мэдээлэл өглөө.


Тэрбээр, “Хэрэглэгчийн дата дуусаагүй байхад хүчингүй болгодог нь хэрэглэгчийг хохироосон үйлдэл тул үүнийгээ зогсоохыг үүрэн холбооны операторуудаас шаардсан. Европын зарим улсад үүнийг хориглодог юм байна. Монополийн эсрэг газарт дахин гомдол гаргалаа. 2023 оны гуравдугаар сард хуулийн хүрээнд гомдол шаардлага хүргүүлсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул би өнөөдөр олон нийт мэдэх ёстой гэж үзэн, хэвлэлийн хурал хийж байна. Бид нийтээрээ хохирч байгаа тул олон хүн үүнийг мэдэх ёстой. Интернэт бидний зайлшгүй хэрэглээ болсон. 2010 онд нийт хүн амын 10 орчим хувь нь л интернэт ашиглаж байв. Харин одоо нийт хүний 80 хувь нь тогтмол ашигладаг. Бид интернэт датаг гадаадад суугаа ах дүүтэйгээ холбогдох гэж авдаг.


Үүрэн холбооны компаниуд хугацаатай дата худалддаг. Бидний хэрэглэж дуусаагүй датаг устгадаг нь өмчлөх эрхэд халдсан үйлдэл юм. Уг нь датагаа хадгалаад дараа нь ашиглах эрхтэй. Үндсэн хуульд хувийн өмчийг хуулиар хамгаална гэж заасан. Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.1-т “... давуу байдлаа ашиглаж, хэмжээг хязгаарлахыг хориглоно” гэсэн заалт бий. “Юнител групп “Түрүүлж алхъя” гэсэн уриатай. Тэгвэл та бүхэн энэ үйлдлээ түрүүлж зогсоохыг уриалж байна” хэмээн ярилаа.

Related news