Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Манай улсад нэг жилд 17 мянган хос гэрлэлтээ батлуулдаг бол эсрэгээрээ 5000 хос цуцлуулдаг гэсэн статистик бий. Гол шалтгааны нэг нь өрхийн орлого бага, орон сууцгүйгээс болсон гэж үздэг.
Тэгвэл гэр бүлд суурилсан бодлогын хамгийн чухал нь орон сууцжуулалт гэдгийг салбар яамныхан тодотголоо. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн ипотекийн зээл өгөөжөө өгсөн ч, танил талаараа дамжуулан зээл авдгаас үүдэж хамгийн багадаа 3-4 жил хүлээдэг, орон сууцны үнийн хөөсрүүлсэн тул зорилтот бүлэгтээ төдийлөн хүрээгүй гэсэн шүүмжлэл байна.
Тиймээс цаашдаа ипотекийн зээлийг анх удаа орон сууц авч байгаа залуу гэр бүл, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, олон хүүхэдтэй гэр бүл зэрэг зорилтот бүлэгт түлхүү олгох юм.
Зөвхөн орон сууц бус эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцанд ч ипотекийн зээл олгодог болж, “Хашаандаа сайхан амьдрах” зорилтыг хэрэгжүүлж, орон нутагт өрхийн орлогод нийцсэн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.