СҮХБААТАР: Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд Сүхбаатар аймагт ажилллаж байна. Ажлын багт УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, М.Ганхүлэг, Л.Соронзогболд нар багтжээ.
Бүх цэргийн гарамгай жанжин, Ардын хувьсгалын их удирдагч Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Д.Сүхбаатар жанжны хөшөөнд УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагуудын хамт цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.
УИХ-ын гишүүд аймгийн Засаг дарга, ИТХ -ын төлөөлөгчид, агентлагийн удирдлагуудтай уулзаж, ирэх жилүүдэд хамтарч хийх ажлынхаа талаар санал солилцон,
ахмадуудтай уулзаж намрын чуулганы хугацаанд хийсэн болон цаашид хийх ажлуудаа танилцуулсан
юм.
Тодруулбал, ирэх жилүүдэд зүүн бүс нутагт тэр дундаа Сүхбаатар аймагт хэрэгжих
томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл
хийж, хамтран амжилттай ажил хэрэг болгохын тулд шат шатны удирдлагын түвшинд нэгдсэн
нэг ойлголт, чиглэлтэй байх нь чухал гэдгийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тодотголоо.
Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газраас
хэрэгжүүлэх мега төслүдийн нэг бол эрчим хүчний реформ. Энэ асуудал орон нутагт ч мөн нэн чухал зүйл. Бид цаашид томоохон төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд эрчим
хүчний доголдолгүй байх ёстой. Тиймээс зүүн бүсэд цахилгаан станцтай болох ажлыг нэн
тэргүүнд хэрэгжүүлэхийн төлөө анхаарна. Дараагийн анхаарах асуудал бол
боомтын нөхцөл байдлыг сайжруулах, хөгжлийн шинэ түвшинд гаргаж ирэх явдал. Зүүн бүс нутаг ОХУ, БНХАУ-тай хиллэдэг боомтуудтай нь том давуу тал. Харамсалтай нь боомтын нөхцөл байдал, үйл ажиллагаанаас хамаарч энэ давуу талаа бүрэн ашиглаж чадахгүй байна. Нэн
ялангуяа Бичигт боомт маш хүнд нөхцөлд байгаа. Тиймээс ойрын хугацаанд тус боомтод ажлын баг ажиллаж, тодорхой шийдлүүдийг гаргана. Шинээр барьж буй боомтын
цогцолборын ажлыг эрчимжүүлэхэд анхаарна гэв.
Нийгмийн бүх салбарт нэн шаардлагатай хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийх ч орон нутгийн тэр дундаа сумдын залуусыг ажлын байраар хангах, тогтвортой ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Эрдэнэцагаан, Мөнххаан, Баяндэлгэр, Наран, Онгон суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууцыг барина гэдгээ ч мэдэгдсэн юм.
2024-2028 онд
зүүн бүс нутагт Бичигт боомтын сэргэлт, Бичигт-Баруун-Урт
чиглэлийн авто зам, цахилгаан станц, сумдыг холбосон авто зам буюу зураг төслийг боловсруулах, Аялал жуулчлалын цогцолбор гэсэн онцлох таван төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
УИХ-ын
гишүүдийн тойрогтоо ажиллах хугацаа энэ сарын 15-ныг хүртэл
үргэлжлэх бөгөөд зүүн бүсийн гурван аймгийнхаа тодорхой сум, багуудад ажиллана.