Никкей индексийн ханш унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-02-03 12:07:59

ТОКИО, 2025 оны хоёрдугаар сарын 3 /Kyodo/. Хятад, Мексик, Канадын бараанд татвар ногдуулах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэр дэлхийн худалдаанд нөлөөлж магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн Токиогийн хөрөнгө биржийн индексүүд даваа гарагт огцом уналаа.


Д.Трампын энэхүү алхам нь Америкийн тал Япон зэрэг бусад худалдааны түншүүддээ татвар ногдуулах вий гэсэн болгоомжлолыг төрүүлснээр Никкей индекс 1000 гаруй нэгжээр уналаа гэж шинжээчид мэдээлжээ. Тодруулбал, арилжааны эхний 15 минутад Никкей индексийн ханш баасан гаргаас 934.15 нэгж буюу 2.36 хувиар буурч, 38 638 нэгж болсон байна. Мөн Топикс индекс 59.63 нэгж буюу 2.14 хувиар буурч, 2729 нэгж болжээ.


Өглөөний 09:00 цагийн байдлаар нэг ам.доллар 155.36 иентэй тэнцэж байсан бол баасан гаргийн 17:00 цагийн байдлаар Нью-Йоркт 155.15 иен, Токиод 154.65 иен байжээ.


Д.Трамп татвар ногдуулах шийдвэр гаргахаас өмнө буюу өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Уолл Стритэд Токиогийн индексүүдийн ханш унаж байгаа нь ажиглагдсан бөгөөд Хятадын DeepSeek гарааны компанийн бүтээсэн хямд өртөгтэй хиймэл оюун ухааны программ нь өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлолоос үүдэн технологийн индексүүд мөн адил унажээ. 


Мягмар гаргаас эхлэн Канад, Мексикээс импортлох бараа бүтээгдэхүүнд 25 хувь, Хятадаас импортлох бараанд 10 хувийн нэмэлт татвар ногдуулах тухай зарлигт Д.Трамп бямба гарагт гарын үсэг зурсан юм. Үүний дараа Канад, Мексик улсууд хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байна.


Nomura Securities компанийн хөрөнгө оруулалтын хэлтсийн стратегич Казүо Камитани хэлэхдээ, Мексик, Канадын хариу арга хэмжээнүүд нь нөхцөл байдал худалдааны дайнд хүргэж болзошгүйг харуулж байна. Үүнээс үүдэлтэй болгоомжлол нь Токиод ханш унахад нөлөөлж байгаа бөгөөд ийм байдал ойрын өдрүүдэд үргэлжлэх төлөвтэй байна гэлээ.

 


Related news