ОРХОН: Уралдаанд түрүүлсэн сурагчид СУИС-д шалгалтгүйгээр элсэх эрхийн бичгээр шагнууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 17/ МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн ордон, СУИС-иас хамтран зохион байгуулсан “Ая эгшгийн зургаан жигүүр-2025” өсвөрийн ардын хөгжимчдийн улсын XIII уралдаанд “Уран эгшиг” сургуулийн сурагчид амжилттай оролцлоо.
Орхон аймгийн урлагийн төрөлжсөн сургалттай "Уран эгшиг" дунд сургууль 480 гаруй сурагчтай. Тус сургуулийн сурагчид 5 дугаар ангиасаа эхлэн өөрийн сонирхсон урлаг, спортоор хичээнгүйлэн суралцжээ.
Тус уралдааны ёочин төрөлд ахлах насны ангилалд 10а ангийн сурагч Г.Мөнхзаяа алтан медаль хүртсэн бол дунд насны ангилалд 9а ангийн сурагч М.Номин-Эрдэнэ алтан медаль, дунд насны ангилалд 8а ангийн сурагч Б.Эмүүжин мөнгөн медаль, дунд насны ангилалд 7а ангийн сурагч М.Солонго тусгай байр, бага насны ангилалд 5а ангийн О.Цэлмэг тусгай байр тус тус эзэллээ.
Харин шанз хөгжмийн төрөлд ахлах насны ангилалд 12а ангийн сурагч Наранцацрал алтан медаль, ахлах насны ангилалд 12а ангийн сурагч Мөнхцэцэг мөнгөн медаль хүртэж, СУИС-д шалгалтгүйгээр элсэх эрхийн бичгээр шагнууллаа. Өсвөрийн хөгжимчин сурагчдыг багш Н.Далайцэцэг, Ш.Баянзул нар уйгагүй бэлтгэснээр ийнхүү амжилтад хүрээд байна.