Обьектын гал түймрийн дуудлага 6.5 хувиар өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд он гарсаар объектын гал түймрийн 490 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 6.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Эдгээрийн 57.8 хувь нь нийслэлд бол үлдсэн нь орон нутагт гарчээ. Тухайлбал, 21 аймгийн 75 суманд 178 удаагийн гал түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс Сэлэнгэ 21, Төв 19, Булган, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өмнөговь, Хэнтий аймагт 10-14 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Улаанбаатар хотод гарсан нийт дуудлагын 50 хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байгааг албаныхан онцоллоо. Гал унтраах ажиллагаанд онцгой байдлын 2931 албан хаагч, 719 ширхэг тусгай зориулалтын автомашинтай ажиллахдаа дөрвөн иргэний амийг аварч, утаажилтын бүсээс 601 иргэнийг гаргажээ.
Гал
түймрийн 80 орчим хувь нь иргэдийн хувийн өмч хөрөнгө, хашаа, орон сууц, гэрт
гарч байна. Энэ төрлийн осол санамсар болгоомжгүй үйлдэл болон цахилгааны буруу
хэрэглээнээс шалтгаалан үүсдэг бол өвлийн улиралд гарсан түймрийн дийлэнх нь
пийшин зуухны яндангийн ноцолтоос болсныг албаныхан тодотгов. Мөн цогтой үнс
нурам ил задгай асгах, хөлдсөн автомашин болон бусад эд зүйлийг халаах, гэсгээх
зорилгоор ил гал, газ, бамбар зэргийг ашигласнаас үүдэн гал алдах тохиолдол их
байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Ташрамд
дурдахад, сүүлийн таван жилд обьектын гал түймрийн 15298 тохиолдол бүртгэгдэж,
үүний улмаас 6359 гэр байшин орон сууц
шатаж, 116 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.