БАЯНХОНГОР: "Төгс алгоритм" сургуулийнхан бүсийн олимпиадыг тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын тэргүүлэх багш, АБТА Ж.Цэрэндорж агсны нэрэмжит "Говийн бүсийн математикийн олимпиад" энэ сарын 22-23-нд Өвөрхангай аймагт болж, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн 250 гаруй багш, сурагч оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Сургуулийн аваргаас аймаг, бүс, улс гэсэн үе шатаар өрсөлддөг тус олимпиадад Баянхонгор аймгаас 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багш, сурагчдын баг 10 ангилалд оролцсон байна. Оролцогчдоос 6 алт, 3 мөнгө, 8 хүрэл медаль авснаас "Төгс алгоритм" сургууль 5 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль авч, багаараа түрүүлсэн амжилт гаргажээ. Ийнхүү тус сургуулийнхан улсын математикийн олимпиадад оролцох хоёр эрх авч, "Төгс Алгоритм" сургуулийн багш, сурагч нийлсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг Улсын математикийн олимпиадад аймгаа төлөөлөн оролцохоор болсон байна.
Энэхүү олимпиад нь сурагчдыг мэргэжлээ сонгоход дэмжлэг болох, математикийн хичээлийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, багш нарын хөгжлийг хангах, сурагчдыг математикийн хичээлд сонирхолтой болгох зэрэг олон талын ач холбогдолтойг багш, сурагчид онцоллоо.
Ташрамд мэдээлэхэд, Монголын математикийн улсын олимпиад энэ жил дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Улаанбаатар хотод болох бол 62 дахь удаагийн улсын олимпиадыг дараа жил Баянхонгорт аймаг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Тус олимпиад анх 1960 онд Ардын багш Ш.Шагдар, Д.Ишцэрэн нарын санаачилгаар Улаанбаатар хот дотор зохион байгуулж байсан бол 1965 оноос Ардын боловсролын яамны тогтоолоор улсын хэмжээнд өргөжүүлэн үе шаттайгаар зохион байгуулж эхэлжээ.