ЗАВХАН: Баярын өдрүүдэд бага насны хүүхдэд илүү анхаарахыг зөвлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 1/МОНЦАМЭ/. Завхан аймагт сар шинийн баярын өдрүүдэд 40 гаруй алба хаагч эргүүл хийнэ.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл ажиллах юм.
Алба хаагчид өдөр бүр 21 чиглэлд ажиллана. Ингэхдээ иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхэд илүү анхаарна.
Орон нутгийн замд зорчиж байгаа жолооч нарт анхааруулга, сануулга, зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хүүхдийг болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг тогтмол авч бага насны хүүхдийг харгалзах хүнгүй малд явуулахгүй байх. хөдөө орон нутаг руу явахдаа автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, эмнэлгийн анхан шатны тусламжийн хэрэгслийг бэлдэж авч явах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь тээврийн хэрэгсэлд үлдээхгүй байхыг зөвлөлөө.
Мөн ахуйн хэрэглээний зүйл болох халуун тогоо, ус буцалгагчнаас хүүхдийг хол байлгах, хүүхдийг тэвэрч байхдаа халуун цай уухгүй байх, чүдэнз, гал гаргаж болох зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар байршуулж, цахилгааны залгуур, унтраалга зэргийг хамгаалалттай болгохыг зөвлөв.
Хүүхдийг xaxaxaac сэргийлж жижиг хэмжээтэй эд зүйл, чихэр өгөхөөс татгалзах, хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учирвал Цагдаагийн байгууллагын 7046102, хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд мэдэгдээрэй гэж Завхан аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.