ТӨВ: Алаг мэлхий өрж тоглох нь нарийн дэг жаягтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-03-02 14:05:50

Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголчуудын уламжлалт тоглоом наадгайн нэг нь шагайн наадгай юм. Тэр дундаа сар шинээр Алаг мэлхий өрж наадах нь Төв нутгийнхны онцлог. Энэ тоглоомыг хэдэн ч хүн тоглож болдог бөгөөд 92 шагайг мэлхийний бие болгон өрж нааддаг.


“Алаг мэлхий” наадгайг битүүний шөнө багачууд өрж хоноод, шинийн нэгний өглөө идээ ундаа болохыг хүлээх зуураа тоглодог уламжлалтай.


Ийнхүү өрөхдөө:

-Мэлхийний нурууг хааш хааш 6 үелэн 36 шагайгаар бүрдүүлж өрнө.

-Нурууны дөрвөн буланд тус бүр 4 шагайнаас бүрдэх 4 шилбэ буюу нийт 16 шагай,

-Шилбийг тойруулан тус бүр 5 сарвуу буюу нийт 20 шагай,

-Нурууны дээд талд 6 шагайгаар хүзүү,

-Хүзүүний дээд талд нь толгой болгож 3 шагайг өрөөд хоёр талд нь нүд 2, чих 2,

-Нурууны доод талд нь сүүл болгож 3 шагай

-Нурууны 36 шагайн дээр давхардуулж бөөр 2, зүрх 1, давсаг 1 тус тус өрснөөр нийт 92 шагай маань бүрдэх болно.

Тус наадгайг тоглохдоо жил орж буй хүн эсвэл тус жилтэй ивээл жилтэй хүнээс эхлэн шоо хаяж, нар зөв эргэнэ.

Нэг буувал зүрх буюу давсаг,
Хоёр буувал нүд, чих, бөөр гурвын аль нэгийг,
Гурван буувал толгой,
Дөрвөн буувал дөрвөн шилбэний аль нэгийг,
Таван буувал дөрвөн сарвууны аль нэгийг,
Зургаан буувал хүзүүг буюу зургаан нурууны аль нэгийг тус тус авна. Хэрэв шооны нүхний тоонд тохирсон шагайг хүн авчихсан байвал мэлхийний эх бие хэмээн өрсөн шагайнаас аль тохирох тоотойг авах зэргээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог.

 


Эх сурвалж: Төв аймгийн Музей 

Related news