ЗАВХАН: Түрэгийн үеийн археологийн ховор дурсгалууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-06 13:15:03

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Яруу сумын нутагт эртний Түрэгийн үед хамаарах хүн чулуун хөшөөд бий.


Эдгээр хүн чулууд он цагийн хувьд бүгд эртний түрэгийн үед холбогдоно.


Эртний Түрэгийн үеийн археологийн ховор дурсгалуудын нэг юм.
Завхан аймгийн Яруу сумын нутаг, сумын төвийн өмнүүр урсах Яруугийн голын урд биеэр нэлээд тооны хүн чулуу дөрвөн тусдаа газарт байдаг.


Гүүрийн дэргэдэх хүн чулуу нь:
Сумын төвийн чанх урд, Яруугийн голын гүүрний баруун өмнө зуугаад метр зайд бий. Уг хүн чулууг цагаан өнгийн шохойлог чулуугаар хийсэн бөгөөд баруун гартаа жижиг аяга барьсан, зүүн гараа ташаандаа зүүсэн илдний бариул дээр тавьсан байдалтай. Толгойн орой мөлгөр бөөрөн­хий, хамар, хөмсгийг нэг үргэлж товгор зураасаар гаргасан ба махирласан живэр сахалтай.

Чихэндээ цагирган сэнж, бөөрөнхий унжлага бүхий ээмэг зүүжээ. Дээлийн энгэр заам гаргаагүй, дөрвөлжин ялтсан чимэгтэй бүс бүсэлж өмнөө жишүү бариултай жижиг хутга хөндлөн зүүгээд зүүн ташаандаа махиралдаг ажээ.


Баруун ташаандаа тал дүгрэг хавтага, билүү бололтой богино шулуун эдлэлийн хамт унжуулжээ. Ар талд нь 3,2×3,2 м хэмжээтэй чулуун хашлага, өмнөөс нь зүүн урагш чиглэсэн зэл чулууны үлдэгдэлтэй.


Үүнээс зүүн урагш нэг км орчим зайтай Далиугийн ам хэмээх газарт гурван хүн чулуу байдаг. Баруун талынх тусдаа, зүүн талын хоёр нь хамтдаа. Бүгд цагаан өнгийн шохойлог чулуугаар хийгдсэн бөгөөд эхний хүн чулуу бүтнээрээ, сайн хадгалагдсан, нэлээд нарийн ур чадвар гарган урласан хөшөө юм.


Баруун гартаа жижиг ваар барьж, зүүн гараа ташаанд зүүсэн илдийн бариул дээр тавьж босоо зогссон байдалтай. Хамар хөмсгийг нэг үргэлж товгор зураасаар гаргасан ба зууван том нүдтэй, нүдийг тойруулан давхар хүрээ татжээ. Живэр болон ооч сахалтай. Чихэндээ цагариг сэнж, бөөрөнхий унжлагатай ээмэг зүүжээ. Баруун гарын ханцуйн үзүүрт нарийн эмжээр гаргасан байна. Дөрвөлжин ялтсан чимэгтэй бүс бүсэлж өмнөө махир богино хутга, зүүн ташаанд шулуун илд агсан, баруун ташаандаа хавтага, билүү унжуулжээ.


Үүний зүүн талын эхний хүн чулуу, дээрхтэй тун ойролцоо хийц дүрслэлтэй, гагцхүү толгойн оройн хэсэг хугаран унасан байв.
Гурав дахь хүн чулуу нэлээд болхи хийцтэй, толгойн оройн хэсэг гэмтсэн, хоёр гараа цээжиндээ хавсарч нэг үзүүртээ цагариган сэнжтэй урт нарийхан зүйл барьсан дүрслэлтэй ажээ.

Эдгээр хүн чулууд нь нийтийн тооллын VI-VIII зууны үеийн хүн чулууд юм. 

Related news