ОРХОН: Хот тохижуулах газарт 5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 7/ МОНЦАМЭ/. Орхон аймгийн Хот тохижуулах газар 332 ажилтантай. Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 2024 оноос ажиллах бүтцийг нэмж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 132, хотын тохижилт үйлчилгээний хэсэгт 15 ажилтан, тээвэр аж ахуйн хэсэгт 112, авто замын хэсэг 16, татвар хураамж санхүүгийн албанд 13, сургалт, олон нийттэй харилцах хэсэг 12 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Хот тохижуулах газрын парк шинэчлэл 90 хувьд хүрч, 49 машин механизм, 110 хөдөлгөөнт чингэлгээр гэр хорооллын хог ачилтыг жилд 9-10 удаа хог татан авах нөхцөл бүрдүүлэн өмнөх онуудаас 3-4 удаагийн давтамжаар нэмэгдүүлжээ. Мөн хүн ам нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ихсэж 2020 онд 137 792 м.куб хог хаягдал дарж устгадаг байсан нь жил бүр нэмэгдсээр 2024 онд 217 112 м.куб болтлоо өссөн байна.
2024 онд Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар Киабонго, Хьюндай зэрэг нэрийн 4 тээврийн хэрэгслийг 163 сая төгрөгөөр, аймгийн хөрөнгө оруулалтаар Автогридер, ковш тусгай тоноглол бүхий далангийн индүү, автозам шүүрдэгч цэвэрлэгээний автомашин, нийтийн тээврийн автобус 15 ширхэг зэрэг нийт 22 автомашин механизмийг 5,8 тэрбум төгрөгөөр худалдан авч ашиглаж байна.
Сүүлийн хэдэн жилд тус байгууллагад хийж буй томоохон ажлын нэг болсон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар барьж буй хог ангилан ялгах үйлдвэрийг энэ онд ашиглалтад орууулна. Уг төслийн ажлын гүйцэтгэгчээр “Мелорукс” ХХК ажиллаж, 2025 оны 7 дугаар сарын 23-нд ашиглалтад авахаар төлөвлөөд байна.