ДУНДГОВЬ: Сар шинийн нэгдсэн золголт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт XVII
жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн нэгдсэн золголтыг өчигдөр зохион байгууллаа.
Цагаан сар бол ураг төрөл, ахан дүүсийн баяр төдийгүй, нутаг
орноороо ахмад настнаа хүндлэх, ахмад
буурлуудынхаа амар мэндийг эрэн золгодог баяр юм. Тиймээс Дундговь аймаг ахмад
настнуудынхаа амар мэндийг эрж, ийнхүү нэгдсэн золголт зохион байгуулжээ.
Энэ үеэр бурхан шашинтны төв Дашгэнпэллин хийдийн лам нар
ном айлдаж, Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид ая дуугаа өргөн,
хүндэтгэл илэрхийллээ.
Нэгдсэн золголт хийх үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун
өнгөрөгч луу жилдээ Дундговь аймаг төсвийн орлогыг 50 хувиар, хөрөнгө
оруулалтаа 35 хувиар нэмэгдүүлсэн, “Шинэ Дундговь” үйл ажиллагааны мөрийн
хөтөлбөрөө батлуулсан, "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 515 хоршоо шинээр
байгуулсан, мал сүргээ таван төрөл дээрээ өсгөж, тэмээний тоогоор улсын
хэмжээнд 5 дугаарт, Эрдэнэдалай сум нийт малын тоогоор улсдаа 2 дугаарт жагссан
зэрэг их амжилтын жил байсныг онцолсон.
Тэрбээр ирж буй модон могой жилд “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил” болгон зорилт дэвшүүлж, “Малчин, мал аж ахуйг дэмжих” болон “Аялал жуулчлалыг хөгжүүлэх” зэрэг 8 дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх их ажил хүлээж байгааг мөн тодотгосон юм.