Нийслэлд энэ онд 59.6 км явган замыг шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ онд гол гудамж, зам дагуу 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ.
Цаг агаар дулаан байвал явган замын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Явган замыг шинэчлэхдээ кабелуудыг газар доогуур системээр явуулахад хугацаа их орно. Автозамын нэгдүгээр эгнээ дагуу гол гудамж, зогсоолыг
явган зам, ногоон байгууламжтай болгоно. Төв зам дагуу зогсоолоос ухарч
гардаг учир нэгдүгээр эгнээнд
саад болдог. Тиймээс явган замыг өргөн чөлөөтэй болгоно. Явган зам ямар нэг аж ахуйн нэгж,
байгууллагын өмч байх ёсгүй” гэлээ.
Өмнө барьсан явган замын хавтан амархан сулардаг, эдэлгээ муу, эвдрэл их гардаг байсан. Боржин чулуугаар хийсэн зам гөлгөр
гадаргуутай учир стандартын
шаардлагад нийцдэггүй. Харин байгалийн чулуугаар барих нь эдэлгээ удаан, барзгар материалтай тул
халтирч гулсахгүй байх юм.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Бүс хариуцсан ахлах инженер Н.Энхбаяр “Чулуун зам тавих бараа материалаа өвөл авсан. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хотын явган замыг чулуугаар өөрчлөх 15 багц ажил бий. Үүнээс тендер зарлаж, 9 аж ахуйн нэгж, компанийг сонгон шалгаруулсан” хэмээв.
Тодруулбал, Геологийн төв лабораторын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 4
багц явган зам, Олимпын
гудамж, “Хан Хилсс” хотхоноос “Хүннү” хотхон хүртэлх явган зам, Чингисийн өргөн чөлөөний явган зам гээд есөн багц ажлын гэрээ хийгээд байгаа аж.