Халх голын болон Чөлөөлөх дайнд Өвөрхангайгаас 4000 гаруй цэрэг оролцож байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-03-18 10:58:10

Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/.  Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний түүхт 104 жилийн ойд зориулсан "Арвайхээр" цэргийн хүрээний нэгдсэн баярын хурал боллоо.


Хурлаар аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж болон Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч, хурандаа М.Дэлгэрсайхан нар үг хэлж, “Арвайхээр” цэргийн хүрээний нийт бие бүрэлдэхүүн, алба хаагчдад баяр хүргэсэн юм.


1911, 1921 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд гар бие оролцон баатарлаг гавьяа байгуулсан эцэг, өвгөдийнхөө мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн үр дүнд өнөөдрийн Монгол Улс тусгаар тогтнон оршиж байгааг, 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хязгаарын зэвсэгт тулгаралтад Өвөрхангай аймгаас давхардсан тоогоор 4000 гаруй цэрэг эрс оролцон халуун амь, бүлээн цусаараа улс орныхоо бүрэн эрхийг баталгаажуулсныг энэ үеэр онцлон тэмдэглэлээ.



Түүнчлэн Өвөрхангай аймгаас Зэвсэгт хүчний салбарт 16 генерал төрөн гарсны дотор дэслэгч генерал Ч.Пүрэвдорж, Ц.Дашзэвэг, Ц.Тогоо нарын шилдэг дарга нар Зэвсэгт хүчний Жанжин штабыг 20 гаруй жил удирдан манлайлж ирснийг онцгойлон дурдав.

Баярын хурлаар эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах болон Монгол Улсаа хөгжүүлэх үйлсэд амжилт гарган нэр төртэй ажиллаж буй алба хаагчдад төрийн дээд одон медаль, орон нутгийн болон салбарын шагналыг гардууллаа.


Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан эсtэ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүд, Марш тактикын аварга тасаг шалгаруулах тэмцээний шилдэг багуудыг шагнан урамшууллаа.

 

Related news