Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуульд “Нэгдсэн хуралдаан тайланг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын хяналт
шалгалтын тухай хуульд заасан асуудлаар тогтоол батлах шаардлагатай гэж үзвэл
энэ талаар холбогдох байнгын хороонд чиглэл өгнө. Байнгын хороо нэгдсэн
хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох тогтоолын төслийг боловсруулж,
нэгдсэн хуралдаанд танилцуулна. УИХ уг тогтоолыг дөрөвдүгээр сарын нэгний дотор
батална” гэсэн байдаг. Иймд УИХ-ын 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн
нэгдсэн хуралдаанаар тайланг хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ удаа хэлэлцэж буй
асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа
илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын хөгжлийн урт,
дунд, богино хугацааны төлөвлөгөө хоорондын уялдаа хангагдаагүй буй шалтгаан,
УИХ-ын гишүүн Ө.Шижир хяналтын байгууллагуудын үнэлгээний дүн зөрүүтэй байгааг
тодруулж байв. УИХ-ын гишүүн Г.Очирбат цаашид хууль тогтоол хоорондын уялдаа
нийцлийг хангах, улмаар Үндэсний аудитын байгууллагыг өргөжүүлж, чадавхжуулах
шаардлагатай гэсэн саналыг хэлэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Түвшин хөгжлийн төлөвлөлт, тайлан,
дүгнэлт хийх шалгуураа тодорхой болгох, улмаар хөдөө аж ахуйн нүүдлийн болон
фермерийн аж ахуйн харьцааг хангасан эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог
боловсруулах, эрчим хүчний нүүрсний нөөцдөө түшиглэн үйлдвэрлэгч улс болоход
анхаарах шаардлагатай гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Батлут хүний хөгжлийг хангахдаа
жижиг зорилтуудаа орхигдуулж болохгүйг анхаарууллаа.
Үүгээр Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж дууслаа. Хуралдааны төгсгөлд хууль тогтоолуудын эцсийн найруулгыг
сонслоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.