ДУНДГОВЬ: Дундговийн эрдэмтдийн анхдугаар чуулганаас орон нутгаа хөгжүүлэхийг уриалж, зөвлөмж гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-04-08 12:41:08
altantogos

Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн эрдэмтдийн “Нутгийн хөгжилд эрдэмтдийн оролцоо” анхдугаар чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, салбар бүрийн төлөөлөл 85 эрдэмтэн оролцлоо. Чуулганыг “Талын гэгээ эрдэмтэд” холбоо зохион байгуулж, нийт 6 илтгэлийг хэлэлцэн зөвлөмж гаргажээ.


Тус чуулганд Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл “ШУА-ийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Дундговь аймгийн өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөв”, Улаанбаатар хотын судалгаа хөгжлийн төвийн зөвлөх, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор, дэд профессор Н.Тогтох “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд дасан зохицох Дундговийн туршилтуудын үр дүнгээс” сэдвээр илтгэл тавилаа.


Мөн ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Д.Хатанбаатар, МУБИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Болдбаатар, “Талын гэгээ эрдэмтэд” ТББ-ын нарийн бичгийн дарга Ц.Цэлхагарав нар “Дундговь аймгийн түүх соёлын дурсгал, хадгалалт хамгаалалт”, Бодлого судлалын төвийн зөвлөх, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ц.Володя, Озон нийгэмлэгийн тэргүүн, доктор, дэд профессор Ц.Чулуунбаатар нар “Ухаалаг малчин-мал аж ахуйн хөтөлбөр”, ӨШУҮИС-ийн багш, доктор Э.Мөнхсоёл “Хүн амын суурьшил, эрүүл мэндийн онцлог” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлжээ.


Анх удаа зохион байгуулсан эрдэмтдийн чуулган эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг орон нутгийн онцлог, уур амьсгал, газар нутаг, хүн амын эрүүл мэнд, сурч хөгжих боломжид чиглүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит хөрсөнд буулган хэрэгжүүлэх, нутаг орныхоо хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.


Чуулганаас Дундговийн байгаль, цаг уур, орчны нөхцөлд гарч буй эрс өөрчлөлт хувиралтад нийцсэн инновац, шинэ бүтээл оновчтой санал олноор бий болгохыг уриалж, орон нутгийн хөгжил, онцлогийг судлан шинжилж, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг оновчтой ашиглах нь чухал болохыг онцлон, зөвлөмж гаргасан. Зөвлөмжид дараах асуудлуудыг тусгажээ. Үүнд:


1) Орон нутгийнхаа өрсөлдөх чадварыг шат ахиулж, хурдацтай хөгжүүлэх, өөрсдийн эрдэм чадлыг хоршин нэгдэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа шинэ ололт амжилт гаргах, унаган нутгийн залуу судлаач, оюутан, сурагчдад эрдмийн ажилд сонирхон оролцох идэвх санаачилга бий болгон төлөвшүүлэх,


2) Дундговь аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллага, захиргааны байгууллага, баялаг бүтээгчдэд Дундговиор овоглосон, инновац, шинэ технологи шингэсэн брэнд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ олноор шинээр бүтээж, хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах,


3) “Талын гэгээ эрдэмтэд” холбооны гишүүд өөрсдийн эрдэм чадлаа өсгөн хөгжүүлж, аймгийнхаа эрдэмтдийн эгнээг өргөжүүлж, Дундговь нутгийн оюун сэтгэлгээний салбарыг тасралтгүй хөгжүүлэхийн төлөө оюун бодлоо дайчлан идэвх чармайлт гарган ажиллах.


Зөвлөмжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, арга зүй удирдлагаар хангах ажлыг “Талын гэгээ эрдэмтэд” холбооны удирдах зөвлөл хариуцан ажиллах юм.  





Related news