ТӨВ: Нүүдлийн цэцэрлэг дулаанаа нарны эрчим хүчээр шийджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4 дүгээр багт “Нүүдлийн цэцэрлэг” үйл ажиллагаагаа явуулж 15 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсуурь хэлэхдээ, "Хүүхдүүдийн зуны цэцэрлэг гэрт байдаг, орны хүрэлцээ муу, салхи шороотой үед тухгүй байдаг. Энэхүү зөөврийн сууцтай нүүдлийн цэцэрлэг байгуулснаар хүүхдүүд таатай орчинд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байна. Нарны эрчим хүчээр дулааны асуудлаа шийдсэн тул тортог утаагүй, цэвэр орчныг бүрдүүлж чадсан" гэв.
Алтанбулаг суманд 2-5 насны 269 хүүхэд амьдардаг. Эдгээр
хүүхдийн 160 нь танхимаар хичээллэдэг. Замт 4 дүгээр баг нь сумын төвөөс
100 орчим километрт оршдог.
Багийн малчин, мал бүхий иргэдийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд тэр бүр хамрагдах боломжгүй байдаг тул нүүдлийн цэцэрлэгийг ашиглаад нэг жил болсон байна. Тус цэцэрлэгт хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролоор олж авах бүхий л хичээлүүдийг системтэйгээр үзэж судалдаг.
Алтанбулаг сум нь анх 1936 онд Бор-Өндөр уулын Даржаалангийн
жасын суурин дээр Бор-Өндөр нэртэйгээр байгуулагдсан. Хуучнаар богдын их шавийн
отог. Одоогийн Алтанбулаг сум нь 1959 онд байгуулагдсан. Сумт, Аргал,
Алтан-Овоо, Замт гэсэн засаг захиргааны 4 багтай. 2024 оны жилийн эцсийн
байдлаар нийт 1018 өрхийн 3175 хүн амтай, 237325 толгой мал тоолуулсан байна.