ӨВӨРХАНГАЙ: Үндэсний бөхийн 2025 оны хүүхдийн улсын аварга шалгаруулах барилдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бөхийн 2025 оны хүүхдийн улсын аварга шалгаруулах барилдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Хоёр дахь жилдээ болж буй тус барилдаанд 21 аймаг, 8 дүүргийн 502 тамирчин оролцож байна. Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат хэлэхдээ, “Бид 2020 онд "Авзагын хүчтэн" үндэсний бөхийн холбоог санаачлан байгуулж, “Ирээдүйн аварга” хүүхдийн цуврал барилдааныг улирал тутамд зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн жил хүүхдийн үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдааныг анх удаа зохион байгуулсан нь хоёр дахь жилдээ уламжилж байна” хэмээлээ.
Барилдааны нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, Монгол Улсын арслан Д.Ганхуяг, Монгол Улсын арслан Ц.Бямба-Отгон, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, дархан аварга Д.Цэрэнтогтох агсны хүү Ц.Базаррагчаа тэргүүтэй хүмүүс оролцож байна.
Хүүхдийн барилдаан маргаашаас эхлэн хоёр өдөр үргэлжлэх бол өнөөдөр Арвайхээр хотын нэрэмжит "Их Монголын хүчтэн" дэвжээний дөрөвдүгээр сарын барилдааныг зохион байгуулж, Улсын харцага Х.Гантулга, Б.Цэдэнсодном, Улсын начин Т.Довчинсэмбээ, Аймгийн харцага Х.Энхчулуун тэргүүтэй хүчит 64 бөх зодоглолоо.
Related news

