УВС: Ходоодны хорт хавдрыг тайрах хагалгааг орон нутагтаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-04-30 12:31:23

Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар хорт хавдар тайрах мэс заслыг хоёр дахь удаагаа амжилттай хийлээ.


Энэ удаад ходоодны хорт хавдрыг тайрах мэс засал хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал сайжирч байна. Тухайн өвчтөний хувьд эрт илрүүлгийн үзлэг оношилгоогоор ходоодны амсар хэсэгт байрлах том хэмжээний хорт хавдартай байсан нь оношлогджээ. Мэс заслын үеэр түүний ходоодыг бүрэн тайрч, улаан хоолойг нарийн гэдэстэй залгах мэс ажилбар хийсэн нь ийнхүү амжилттай болсон байна.


Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар өмнө нь элэгний хорт хавдар тайрах хагалгааг орон нутагтаа бие дааж хийгээд байсан юм.


Орон нутагтаа хорт хавдрыг тайрах мэс засал хийж, эмчилдэг болсноор алс хязгаар нутагт амьдардаг иргэдийн амьдралд маш их хөрөнгө оруулалт хийж байна. Учир нь нэг хүн өвчлөхөд Улаанбаатар явж оношлуулах, эмчлүүлэхэд асар их зардал чирэгдэл, цаг хугацааг зарцуулдаг юм.  


Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч нар энэ онд 10 гаруй хорт хавдрыг тайрах хагалгааг орон нутагтаа хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Related news