ЗАВХАН: Хүний эрхийг дээдэлсэн шийдэл бол хөхүүл ээжүүдийн булан юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-30 15:41:34

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь Хаан банк үйлчилгээний танхимдаа хөхүүл ээжүүдэд зориулсан булантай болжээ.


Хаан банк нь Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хүүхдэд ээлтэй бодлого, хүүхдийн эрхийн 10 зарчмыг бизнесийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилготой. Энэхүү зорилгыг ажил хэрэг болгож, хөхүүл ээжүүдэд зориулсан буланг нээж, тохижуулсан байна.  


Нялх хүүхэдтэй ээжүүд ажил хийх, гадуур явах хэрэгцээ шаардлага их болсон. Гэтэл тэднийг хөхөө саах, хүүхдээ хөхүүлэх, саасан хөхнийхөө сүүг хадгалах боломжоор хангаж байгаа байгууллага, олон нийтийн газар орон нутагт хуруу дарам цөөн байдаг.  2022 оноос хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад,

136.3 “Ажил олгогч ажилтныг хүүхдээ хөхүүлэх өрөөгөөр хангах арга хэмжээг өөрийн боломжоор авна” гэсэн заалт бий.


Энэ заалтыг хэрэгжүүлснээр эх, хүүхдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс гадна нялх хүүхэдтэй ээжүүдийн ажлын бүтээмжийг ч нэмэгдүүлэх сайн талтай. Түүнчлэн хөхүүл ээжүүд банкаар үйлчлүүлэхдээ яарч, сандарсан байдалтай үйлчилгээ авдаг тохиолдол цөөнгүй. Зарим ажилтнууд маань хүүхдээ зургаан сар хүргээд ажилдаа ордог. Гэтэл ажил дээр хөх нь чинэнэ, саана гэдэг их тавгүй байдаг.  Цайны цагаар гэртээ хариад хүүхдээ хөхүүлье гэхээр гэр нь хол. Ээжүүд бусад ажилтнуудын хажууд хөхөө саагаад суух нь эвгүй байдаг тухайгаа ч ярьдаг.


Тиймээс л бид энэ орчныг бүрдүүлсэн юм. Хөхүүл ээжүүдийн булан ээжүүдийг банкны үйлчилгээ авахад нь илүү тухтай тайван орчин нь байгаасай. Ажилтнууд маань ч гэсэн тайван тухтай орчинд ажлын бүтээмжтэй ажиллах боломж нэгээр нэмэгдлээ. Өнөөдөр банкны үйлчилгээ ихэнх нь дижитал болсон. Хамгийн энгийн нь гэвэл, банкны үйлчилгээг харилцагч амар хялбараар, байгаа газраасаа, хүссэн үедээ авах боломжтой байгаа юм.


Гэсэн хэдий ч орон нутагт банкны зарим үйлчилгээг банкан дээр ирж авдаг харилцагч олон бий. Үүний нэг нь хөхүүл ээжүүд. Энэ буланг харилцагчаас гадна ажилтнууд ч хэрэглэх боломжтой юм. Хүүхэд хөхүүлэх булан жижигхэн мэт харагдаж байгаа ч хүний эрхийг дээдэлсэн олон талын ач холбогдолтой шийдэл болсон гэж харилцагчид ам сайтай байна гэж Хаан банкны Завхан салбараас мэдээлэв. 


Хаан банкны Завхан төв салбарын хөхүүл ээжүүдэд зориулсан булан

Related news