Монгол хэл, бичгийн тухайд мэргэд юу өгүүлсэн байдаг вэ?
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
-Үндэсний бичиг үсгийн баярт-
УЛААНБААТАР, 2025 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд тэмдэглэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлан таниулах зорилгоор жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Үндэсний бичиг үсгийн баяр тохиож буй энэ цаг мөчтэй хамтатган эх хэл, бичгийн тухай мэргэдийн үгээс хүргэж байна.
Чингис хааны зарлиг
Үсэг бичиг хэмээх эрдэнэ
Үүрдийн амьтай буюу
Өгүүлсэн үгийг шингээж
Үүрдийн өв болгомуй
Ванчинбалын Инжинаш
Онходын Жамьян гүн
Гадаад улсын хэл
бичигт хэдий боловсорсон боловч монгол үсгийг түшиглэн мэдэхгүй болбоос гадаад
улсад элэглэгдэх төдийгүй бас ч нэгэн зүйлийн их хэрэг дутагдах буй заа.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Агданбуугийн Амар
Үндэсний бичиг
үсгийг суралцахдаа уншиж чадах төдийгөөр зогсох биш эрх биш хүн бүр гүйцэд
сайнаар суралцах хэрэгтэй. Үүнд үндэсний бичгийг эрх биш онцолж сурах хэрэгтэй.
"Билгүүн номч" Бямбын Ринчен:
“Монгол бичгээ л сэргээгээд төрийн бичиг болгоод авбал монгол түмний хөгжил мандалд их л хэрэгтэй, учиртай юм сан...”
Монгол хэл шинжлэлийн гарамгай онолч Ш.Лувсанвандан:
Монгол бичгийн хэлэнд сайн сурах гэдэг нь бичиг зохиол уншаад гүнзгий сайн ойлгож сурах, бичгийн хэлийг сайн эзэмших гэдэг нь санасан бодсоноо бичгээр сайхан гаргаж сурахыг хэлмүй.
Дашдоржийн Нацагдорж:
Өсөхөөс сурсан
үндэсний хэл мартаж болшгүй соёл
Үхтэл орших
төрөлх нутаг салж болшгүй орон
Ардын багш Дагвын Чойжилсүрэн:
Монгол бичгийн
сайн талыг магтаад барахгүй. Олон монгол хэлтнийг холбож байсан хамгийн гол
гавьяатай. Монгол бичиг авианаасаа холдсон гэдэг. Бичиг авиа хоёр зөрж байгаа
нь эртний соёлтойн тэмдэг болохоос муугийнх биш.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат багш Түмэнбаярын Дашцэдэн
Монгол бичиг бол
монгол хэлний эрдэнэсийн сангийн сонсохуйяа чихэнд яруу, бодохуйяа сэтгэлд
нийцтэй сайхан хөг аялгууны амин гол дархлаа нь юм.
Нэрт хэл шинжлэлч, Монгол Улсын гавьяат багш Чой.Лувсанжав
Монгол бичиг бол
Монголын түүх мөн
Монголын соёл мөн
Монголын бэлгэдэл
мөн
Монголын бахархал мөн
Ардын багш Шаравын Чоймаа
Эх хэлнийхээ үг бүрийг, эх орныхоо чулуу бүрийг хайрлаж яваарай!
Монгол Улсын Ардын уран зохиолч Тангадын Галсан:
Наашлуулж хэлбэл
мянган жилийн нас сүүдэртэй нандин судар
Цаашлуулж
саравчилбал түмэн оны түүх хэлхсэн төгс шастир
Морьтны оюуныг
буман жилээр нэвт хэцлээтэй сувд сондор
Монгол бичиг мину тусгаар тогтнол туг сүлдний алтан ганжир